Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүний үйлс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-01 21:01:33

УЛААНБААТАР, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Парисын хэлэлцээр”-ийг заавал биелүүлэх хууль ёсны баримт бичиг болгоход оруулсан гавьяаг нь үнэлж, “Foreign Policy” сэтгүүл түүнийг “Дэлхийн 100 сэтгэгч”-ийн нэгээр нэрлэж, “Forbes” сэтгүүл “Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд”-ийн жагсаалтад багтааж байв.  


Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн хэмээн үнэлэгддэг энэ хүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа юу юуг уриалж байснаас хуваалцаж байна.  


  • НҮБ-д шинэчлэл хийн, Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгох, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авчээ.  
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага байгуулж, удирдах албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмсэн нь НҮБ-ын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт хэвээр байна. 
  • Энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хүмүүнлэгийн хариу арга хэмжээг сайжруулах, хүчирхийллийн хэт давруу үзлээс сэргийлэх, зэвсэг хураах асуудлыг эрчимжүүлэх зэрэг цаг хугацаа, хөрөнгө шаардсан нүсэр ажлыг гардан удирдаж байв.   
  • НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 3 үндсэн өөрчлөлт хийхийг санал болгосон хүн. НҮБ бол мөргөлдөөн дэгдэхээс сэргийлэх, эвлэрүүлэн зуучлахад чармайх ёстой, ингэвэл энхийг сахиулах өртөг ихтэй ажиллагаа шаардлагагүй болно гэж үзэв. Удаах нь энхийг сахиулах үйл ажиллагааг төлөвлөж, явуулдаг арга барилыг өөрчлөх, гуравдахь нь энх тайван, аюулгүй байдалд учирч буй сорилтыг шийдэх дэлхийн, бүс нутгийн хэмжээнд суурь механизм бий болгох байв. Үүндээ ч хүрч, хурцадмал байдал, зөрчил мөргөлдөөн, хямралаас урьдчилан сэргийлэх, зохицуулах, шийдэхэд туслах, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг дэмжих нэгж байгуулан, Газын зурвас, Гвиней, Пакистан, Шри-Ланка улстай холбоотой хүний эрхийн зөрчлүүдэд хариуцлага хүлээлгэж чадсан. 
  • НҮБ-ын 120 мянган энхийг сахиулагчийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх ажлыг сурталчлан, энхийг сахиулах хүчин чармайлтыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулжээ.  
  • Зэвсэг хураах хөтөлбөрийг сэргээх, мухардлаас гарах арга замыг хайн, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараа цөмийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулахыг уриалж байлаа.   
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч түүний анхны томоохон санаачилга нь 2007 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт байв. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэлд улс төрийн эр зориг гаргахыг дэлхийн удирдагчдад уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулсан удаатай. Уриалж, сануулаад зогсолгүй, 2009 онд Женевт болсон Дэлхийн цаг уурын асуудлаарх бага хурлын үеэр дэлхийн дулаарлын талаар санаа зовниж байгаагаа мэдэгджээ. 
  • НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад 2014 онд оролцож, хүчээ нэгтгэхийг уриалан, Нью-Йоркт болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлт гаргахыг шаардсан олон нийтийн жагсаалд оролцож байлаа. 
  • Олон жилийн тууштай хүчин чармайлтын үр дүнд 2015 оны 12 дугаар сард Парис хотноо, 190 гаруй орон 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг багасган, дэлхийн дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр”-ийг хүлээн зөвшөөрч, баталсан. Үүний нэг нь Монгол Улс байв. 
  • Хамт ажиллагсад нь түүнийг “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал зэрэг хамгийн чухал зорилгоо биелүүлсэн шударга, хөдөлмөрч хүн” гэж дүгнэсэн хэвээр байна. 
  • Түүний гэргий Ю Сун Текийн хувьд мөн 2007 оноос хойш аутизм, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах, эхээс хүүхдэд ХДХВ/ДОХ-ын халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх кампанит ажил зэрэг эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад анхаарал хандуулж иржээ. 
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа Монгол Улсад 2009 онд анх удаа албан ёсоор айлчилсан. Энэ айлчлал ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улсын оруулж буй хувь нэмрийг дэлхийд дахин таниулсан түүхтэй. Мөн, хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм. 
  • Улаанбаатар хот дахь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн нээлтэд оролцож, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Энэ төвийг НҮБ, системийн байгуллагууд бүх талаар дэмжихээ мэдэгдсэн билээ. 
  • “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан байгуулсан. Энэ сан АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотод “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2003, 2004 онд зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх манай хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.
Холбоотой мэдээ