“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн монгол уран бичлэг, үсгийн урлагийн хөгжил, чиг хандлагыг харуулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд нээсэн юм. Энэ үеэр тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчид болон шагналтнууд, үзэгчдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан,
технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал: Жил бүр уламжлал болгон Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн бол
монгол уран бичлэг, үсгийн урлагийн хөгжил, чиг хандлагыг харуулдаг.
Ялангуяа, үндэсний бичгээ дээдлэн сурах, эзэмших хүсэл сонирхолтой хүүхэд залуус олширсныг жил жилийн үзэсгэлэнгээс тод харагдаж байна. Түүнчлэн “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг олон улсын болгосноор ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны уран бүтэээлчид оролцдог болж хүрээгээ улам тэлсэн. Энэ жил Бүгд Найрамдах Франц Улсаас бүтээл ирүүлсэн нь онцлог байв. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд монгол бичгийн үсгийн урлагийн талаар хэлэлцүүлэг хийж, уран бичээч, каллиграфийн мастеруудын залгамж халааг хэрхэн бэлдэх, дараа дараагийн үзэсгэлэнг улам чанаржуулахад юу шаардлагатай байгааг ярилцсанаараа нэн онцлог ач холбогдолтой байлаа.
Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй: Аливаа ард түмний хамгийн гол зүйл бол хэл, бичиг хоёр байдаг. Мянга мянган жилийн түүхтэй монгол бичгээ монгол хүн бүр сайн сурах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр, "Монгол хэлний тухай" хуулийн хүрээнд 2025 оноос хос бичгээр төрийн албан хэргийг хөтлөх бэлтгэл ажлыг бид хангаж байна. Монгол бичиг бол сурахад маш амархан, бичихэд гоёмсог сайхан учраас бичгийн урлаг, соёлын талаасаа маш гайхамшигтай. Энэ жилийн үзэсгэлэнд манай Хэл зохиолын хүрээлэн зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Шүүгчээр ажиллаж байхад уран бичлэг, хулсан үзгийн бичлэг маш сайн хөгжиж байгаа нь тод харагдаж байна. Хөвсгөл аймгийн сурагчид үзэсгэлэнд маш идэвхтэй оролцлоо. Гадаад орны Монголыг сонирхдог уран бүтээлчид оролцож байгаа нь энэ үзэсгэлэнг өргөн дэлгэр болгох, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэж бодож байна.
Монголын Урчуудын Эвлэлийн Ерөнхийлөгч П.Ганбат: Каллиграфи
гэдэг бол маш онцлог, нарийн эрдэм
шаарддаг урлаг юм. “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн маань өнөө жил илүү өргөн
цар хүрээтэй боллоо. Үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдийг шүүн дэнслэх шүүгчдийн
баг ч өмнөх жилүүдийнхээс өргөн бүрэлдэхүүнтэй байв. Оролцогчдын ур, урлах
эрдэм ихэд сайжирсан байна. Хөдөө орон нутгаас гадна гадаад орны уран бүтээлчид
олноор оролцсоныг үзэсгэлэнг нээх ёслолд хүрэлцэн ирсэн зочдоос ч Та бүхэн харж
байгаа байх. Монголын Урчуудын Эвлэлээс гэхэд энэ жил олон
уран бүтээлч оролцсон байна. Үндэсний
монгол бичиг маань монгол үндэстний соёлын бахархалт өв учраас хойшдоо ч “Мөнх
тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг илүү өргөн дэлгэр болгох хэрэгтэй гэж боддог.
Өнөө жил хүүхэд залуус төдийгүй мэргэжлийн уран бүтээлчид өргөн дэлгэр оролцлоо. Ялангуяа, хүүхдүүдийн ур чадвар ихээхэн сайжирсныг үзэсгэлэнгийн бүтээлүүдээс харж болохоор байна.
Монгол бахархлын өдөр нээж байгаа энэ удаагийн үзэсгэлэнд анх удаа Чингис хааны болон өрлөг жанждынх нийлээд 13 хүний том хэлбэрийн хөргийг байршуулснаараа онцлог байв.
“Түмэн бүтээл“ ХХК-ийн захирал Л.Түвшинжаргал: Би 1996 онд Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуульд элсэн орсон. Улмаар 1998 оноос хойш монгол уран бичлэгээр хичээллэж байна. Хамгийн анх Т.Жамьянсүрэн багшаараа эл эрдмийг заалгах болсон. Эхлээд монгол бичгээ суръя гэсэн эрмэлзэлтэй байсан. Сүүлдээ ийм сайхан урлаг байдгийг багшаасаа олж мэдсэн. Тэгээд бийрийн бичлэг рүү орсон. Ер нь энэ төрлийн уралдаанд тогтмол оролцохыг эрмэлздэг. Орчин үеийн каллиграфчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Шинэ цас” үзэсгэлэнд 3 удаа амжилттай оролцож, тэргүүн байр эзэлж байсан. Хамгийн даацтай бүтээл гэвэл, 2013 оны “Тэнгэр шиг бай” бүтээл маань юм. Энэ удаагийн уралдаанд “Улаан” бүтээлээрээ оролцлоо. Энэхүү урлаг нь хар цагааны урлаг. Хар цагаан дээр улаан тамгаар тамгалдаг. Тиймээс хар, цагаан, улаан гурван өнгийн хослолыг ашиглалаа. Энэхүү зохиомжоо олон жил бодсон, олон ч удаа оролдож үзсэн. Хамгийн сайн гэсэн хувилбар маань тэргүүн байрын шагналыг авчирлаа. Сүүлийн үед энэ урлагт хүүхэд залуус шамдан суралцах болсонд хувьдаа баяртай байдаг.
Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Цэрэн-Очир: Монгол уран бичлэгээр хичээллээд хоёр жил болж байна. М.Эрдэмбилэг багш маань хулсан үзгийг хичээнгүй, маш сайн зааж өгсөн. Багшийнхаа ачаар “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн уралдааны тэргүүн байрыг эзэлсэндээ баяртай байна. Энэ жил “Жангар” бүтээлээрээ оролцлоо. “Жангар” бүтээл маань нэлээн урт. Энэхүү зохиомжоо эртнээс бодсон. Бүтээл маань 175х20 харьцаатай, улаан дэвсгэр дээр цагаанаар бичсэн байхаар зохиомжилсон. Нэг бүтээл гараас гаргахад 3-4 хоног болдог. Илүү чанартай болгохын тулд бүтээлийнхээ зохиомжийг урьдаас бодож, бичих чадвараа сайжруулах шаардлагатай. “Мөнх тэнгэрийн бичиг-2023” уралдаанд оролцож, “Оюун түлхүүр” бүтээлээрээ тусгай байр эзэлж байсан.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Г.Туяацэцэг: “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын уралдаанд би анх удаа оролцож, тэргүүн байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Би бүтээлээ их зохиолч Д.Нацагдоржийн “Шувуун саарал” өгүүллэгийг сонгож, хулсан үзгээр бичсэн. Би хулсан үзгээр гурав дахь жилдээ хичээллэж байна. Би сумаасаа ганцаараа оролцсон, Тосонцэнгэл сумаас арваад хүүхэд оролцсон. Сүүлийн үед хүүхдүүд монгол бичигт шамдан суралцах нь түгээмэл болсон.
“Мөнх тэнгэрийн бичих 2024” үзэсгэлэнг сонирхохоор Хөвсгөл
аймгаас зорьж ирсэн бяцхан охины сэтгэгдлийг
хуваалцсан юм. Тэрбээр “Намайг Эмүжин гэдэг. Би Тосонцэнгэл сумын тавдугаар
ангид сурдаг. Би энэ үзэсгэлэнд оролцоогүй л дээ. Миний нас хүрээгүй. Тийм
болохоор би үзэсгэлэнгийн бүтээлүүдийг үзэх гэж ирсэн. Ээж, эгч хоёр маань
надад монгол бичиг заасан. Гэхдээ би монгол бичгээр бичиж чадна. Харин эгч
маань шагнал авсан.