Агаарын бохирдлын улмаас Пакистаны сургуулиудыг түр хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-11-04 11:05:27

ИСЛАМАБАД, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /DW/. Пакистаны хоёр дахь том хот болох Лахор дахь бага сургуулиудын үйл ажиллагааг агаарын бохирдлын улмаас долоо хоногийн турш түр зогсооно гэж Пенжаб мужийн засаг захиргаа ням гарагт мэдэгджээ.


Тус улсын зүүн  нутгийн томоохон энэ хот автомашины утаа, фермийн аж ахуйнуудад улирлын чанартай ургац шатааснаас үүдэлтэй утаа, өвөл болж хүйтэрсэнтэй холбоотой агаарын бохирдол зэргээс үүссэн өтгөн утаанд олон хоногийн турш бүрхэгдсэн байна.


Пакистаны эрх баригчид болон Швейцарын IQAir агаарын чанарын хяналтын компаниас гаргасан мэдээллээр, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад 14 сая хүн амтай Лахор нэгдүгээрт бичигджээ. Олон төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг хотын агаарын чанарын индекс 1000-аас давж өссөн явдлыг Пенжаб мужийн засаг захиргаа  урьд хожид байгаагүй үзүүлэлт” гэж тодорхойлсон байна. Энэ үзүүлэлт 300-гаас давсан тохиолдолд “аюултай гэж үздэг.


Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ?

Пенжабын тэргүүн сайд Марриюм Аурангзеб хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдад хандан уриалжээ. “Энэ утаа хүүхдүүдэд маш их хортой. Сургуулиуд дээр амны хаалт заавал зүүх ёстой. Бид ахлах ангийн хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж байна” гэж тэрбээр хэллээ.


Мөн онцгой байдлын арга хэмжээний хүрээнд оффисын ажилчдын 50 хувьд нь даваа гаргаас эхлэн гэрээсээ ажиллах чиглэл өгсөн гэж М.Аурангзеб хэлээд, эмнэлгүүдэд утаа хэмжих төхөөрөмж өгнө гэдгийг дурджээ. 


Пенжабын засаг захиргаа үйлдвэрээс ялгарах утаа, хөдөлгүүр нь эвдэрсэн тээврийн хэрэгсэл, үр тарианы үлдэгдлийг шатааж байгаа эсэхийг шалгахын тулд цагдаагийн тусгай нэгжүүдийг байршуулсан байна.


Мөн агаарын чанар муудаж байгаа нь хөрш Энэтхэгээс салхиар туугдан ирсэн утаатай холбоотой ажээ. Энэтхэгтэй яриа хэлэлцээ хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж тэрбээр хэлсэн байна.


Агаарын бохирдол эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

Өвлийн улирал ойртохын хэрээр энэ бүс нутагт агаарын чанар эрс мууддаг байна. ДЭМБ-ын мэдээлснээр, агаарын бохирдол нь эрүүл мэндийн олон асуудал үүсгэж, удаан хугацаагаар өртөх нь цус харвалт, зүрхний өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.


Хүүхдүүдийн уушгины хөгжил дутуу байдгаас гадна насанд хүрэгчдээс илүү хурдан амьсгалж, уушгиныхаа хэмжээтэй харьцуулахад илүү их агаараар амьсгалдаг тул хорт агаарт илүү өртөмтгий байдаг. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээр, Өмнөд Азийн 600 сая орчим хүүхэд агаарын бохирдолд өртөж байна.

 


Холбоотой мэдээ