Трамп, Харрис нарын эхний ялалтуудын талаар мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-06 09:59:00

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /Reuters/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп найман муж улсад ялсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис гурван муж улс, Вашингтон хотод илүүрхсэн гэж Америкийн “Edison Research судалгааны фирм мэдээллээ. Гэхдээ сонгуулийн дүнг шийдвэрлэх магадлалтай муж улсуудад байдал тодорхойгүй хэвээр байна. 


Эхний дүнгүүд урьдчилан таамагласны дагуу гарч байгаа боловч гол өрсөлдөөн Жоржиа, Хойд Каролина, Пенсильвани, Аризона, Мичиган, Невада, Висконсин гэсэн долоон муж улсад явагдах төлөвтэй байгаа юм. Эдгээр муж улсад сонгуулийн өдрийг хүртэл явуулсан санал асуулгуудын дүнгээр хоёр нэр дэвшигч эн тэнцүү өрсөлдсөөр байв.


Орон нутгийн цагаар лхагва гаргийн оройны 20:00 цагийн байдлаар 25 муж улсад санал хураах байрууд хаагдсан байна. Д.Трамп Кентукки, Индиана, Баруун Виржиниа, Алабама, Флорида, Оклахома, Миссури, Теннесси муж улсад ялснаар сонгогчдын коллегийн 90 гишүүний саналыг аваад байгаа бол К.Харрис Вермонт, Мэриленд, Массачусетс, Вашингтонд нийт 27 санал авчээ. Сонгуульд ялахын тулд тухайн нэр дэвшигч нь төлөөлөн сонгогчдын коллегийн 538 гишүүний 270-ынх нь саналыг авсан байх шаардлагатай.

 

Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялсан бай түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөх юм. АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болох 60 настай К.Харрисын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан анхны эмэгтэй болохоос гадна анхны өнгөт арьст эмэгтэй, Ази-Америк гаралтай эмэгтэй болох юм. Харин 78 настай Д.Трамп хоёр ч удаа импичмент зарлуулсан цорын ганц ерөнхийлөгч, эрүүгийн хэрэгт холбогдсон анхны ерөнхийлөгч болохоос гадна 100 гаруй жилийн хугацаанд дараалсан бус ялалт байгуулсан анхны ерөнхийлөгч болох юм.



Холбоотой мэдээ