ХОВД: Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулахад анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн судлаач, ахлах референт Т.Оюунаар ахлуулсан ажлын баг энэ сарын 5-нд Ховд аймагт ажиллалаа.
Ажлын баг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит болон хууль эрх зүйн орчин, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Үүнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчийн төлөөлөл 150 орчим хүн оролцов.
Сургалтын зорилго нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх арга хэлбэрийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоог хөгжүүлэхээр шинэчлэн найруулсан журмын төслийг танилцуулахад чиглэж байлаа.
Энэ хүрээнд төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, үнэлгээ, мониторинг хийх олон улсын туршлага гэх мэт олон талт сэдвээр албаны төлөөллүүд мэдээлэл хийв.
Мөн үнэлгээ мониторингийн эрх зүйн орчин, тогтолцоо, шинэчлэлийн бодлогын талаар шинэчлэн боловсруулсан гурван журмын төслийг хэлэлцүүлж, санал авчээ.
Ингэснээр цаашид төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж өргөжих юм.
Дээрх сургалт, хэлэлцүүлгийг 21 аймагт тусгай хуваарийн дагуу зохион байгуулж буй.