ХОВД: Энэ сарын 9-нөөс нийт нутгаар хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 11-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Энэ долоо хоногийн сүүлээр зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй.
Тодруулбал, энэ сарын 7, 10-нд уулархаг нутгаар, энэ сарын 8, 9-нд зарим газраар цас орно.
Салхи энэ сарын 7, 8, 9-нд зарим газраар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө +7+12 градус дулаан байна.
Энэ сарын 9-нөөс нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө -9-14 градус, өдөртөө -3+2 градус байх бол бусад нутгаар шөнөдөө -4-9 градус, өдөртөө +1+6 градус байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Өнөөдөр Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр байна. Агаарын температурын хувьд уулархаг нутгаар +4+9 градус, бусад нутгаар +8+13 градус дулаан байна.