Монгол хүн 24 цагийн тэн хагасыг хувийн хэрэгцээндээ зориулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-06 16:53:38

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол хүн өдрийн 24 цагийн 51 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зориулж байна.


Тодруулбал, 2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн ам 7 хоногийн нэг өдрийн 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих хувийн зайлшгүй хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, 32 минутыг боловсролд, 3 цаг 6 минутыг чөлөөт цагт хуваарилжээ. Хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цаг нь хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цагийн 76.4 хувьтай тэнцэхүйц буюу ийм хэмжээний хөдөлмөр эдийн засгийн хувьд үнэлэгдээгүйг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Монгол орны хаана амьдардгаас хамааран хүн амын цаг ашиглалт ялгаатай. Тухайлбал, хөдөө хөдөлмөр эрхлэх нь хотынхноос илүү их цаг зарцуулж байна. Хөлстэй, хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд хөдөөгийн хүн ам хотынхоос өдөрт дунджаар 13.9 хувиар илүү цаг зарцуулдаг. Хөдөөд мал маллах нь хөлстэй учир боловсрол, чөлөөт цаг, урлаг, спортод зарцуулах цаг хомс аж.


Мөн, эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хөдөлмөрлөдөг ч үнэ хөлсгүй. Эрчүүд 7 хоногийн нэг өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг хөдөлмөр эрхлэхэд зориулдаг бол эмэгтэйчүүд 8 цаг 13 минут зарцуулдаг. Гэхдээ эрчүүд бүсгүйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, харин эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зориулж байна. Тодруулбал, эрчүүдийн өдрийн дундаж хөдөлмөр эрхэлсэн цагийн 71.6 хувь нь хөлстэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлсэн цагийн 44.6 хувь нь хөлстэй хөдөлмөрт зарцуулагджээ. Өнгөрсөн оны байдлаар эрэгтэйчүүд нэг өдрийн 24 цагийнхаа 9 хувийг гэрийн болон асрах ажилд зориулсан бол эмэгтэйчүүд 18.5 хувийг зарцуулжээ.


Хөлстэй, хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд илрэх хүйсийн ялгаа 12-17 наснаас эхэлж, 18-аас дээш насанд гүнзгийрдэг нь насны бүлэгт харгалзах хөдөлмөр эрхлэлтийн идэвхийг даган нэмэгддэг байна. Дээд боловсролтой хүн амтай харьцуулахад техник, мэргэжлийн боловсролтой хүн өдөрт дунджаар 6.2, бүрэн дунд боловсролтой хүн 9.4, суурь боловсролтой хүн 28, боловсролгүй, бага боловсролтой хүн 26.4 хувиар бага цагийг хөлстэй хөдөлмөрт зарцуулжээ.


Түүнчлэн, гэрлэлтийг даган хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулах цаг нэмэгддэг. Огт гэрлээгүй хүнтэй харьцуулахад гэр бүлээ батлуулсан хүний хөлсгүй хөдөлмөрт зориулсан цаг 42.1 хувиар илүү, гэр бүлээ батлуулаагүй хүнийх 56.6 хувиар, тусгаарласан, цуцалсан, бэлэвсэн хүнийх 45.3 хувиар илүү байгаа аж. 


Мөн хүүхэдтэй байх нь хүний амьдралын хэв маягийг өөрчилдөг бөгөөд 18-аас дээш насны эрчүүд хамт амьдардаг 1-2 хүүхэдтэй бол хүүхэдгүй эрэгтэйтэй харьцуулахад хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь 31.2, эмэгтэйчүүд 39.4 хувиар нэмэгддэг байна. 


Өрхийн аж байдлын түвшин дээгүүр байх тусам хөлстэй хөдөлмөрт илүү их цаг үрдэг. Дунджаас доогуур аж байдлын түвшинтэй хүн 3 цаг 43 минут, дундаж аж байдлын түвшинтэй хүн 4 цаг 7 минутыг хөлстэй хөдөлмөрт өдөрт зарцуулж байхад дунджаас дээгүүр аж байдлын түвшинтэй хүн 4 цаг 36-54 минутыг хөлстэй хөдөлмөрт зориулдаг аж. Харин аж байдлын түвшин доогуур ангилалд багтах хүн ам хөлстэй хөдөлмөр эрхлэхэд бусад ангилалынхтай харьцуулахад хамгийн их цаг үрэх ч энэ цагийнхаа 80.4 хувийг өрхийн эцсийн хэрэглээндээ зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулжээ. 


Үндэсний Статистикийн Хорооноос цаг ашиглалтын судалгааг 4 жил тутам боловсруулдаг. Цаг ашиглалтын судалгааг 2023 онд явуулахад 23394 өрхийг хамруулсан аж. 

Холбоотой мэдээ