СЭЛЭНГЭ: 820 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэдээлэл сурталчилгаа хийжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-07 12:42:46

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Эрүүл монгол хүн” нээлттэй өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 820 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг дэмжин зохион байгуулж буй “Нээлттэй өдөрлөг”-т Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), NDH сангийн шүдний эмч нар, мөн Сүхбаатар сумын “Номтхан”, “Эмнэх” багийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран “Эрүүл мэндийн отог” байгуулан ажиллалаа.


“Эрүүл мэндийн отог"-т ажилласан нүдний эмчийн үзлэгт 165, чих хамар хоолойн үзлэгт 144, шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд 151, биеийн жингийн индекс тодорхойлох үзлэгт 94, өрхийн эмчийн үзлэгт 115 иргэн хамрагджээ.

 

Мөн сахар, В, С вирус, хавдрын тест шинжилгээнд тус тус хамрагдаж, 159 иргэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг авч, нийтдээ давхардсан тоогоор 820 гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртсэн байна.