Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-11-08 10:11:40

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /Reuters/. Пүрэв гарагт АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ дахин 25 суурь нэгжээр бууруулжээ.


Бодлогын хүүг ойр ойрхон бууруулах нь инфляцтай холбоотой ахиц дэвшилд саад учруулж болзошгүйг бид мэдэж байгаа. Үүний зэрэгцээ бодлогын хүүг бууруулахгүйгээр хэт удаан барих нь эдийн засгийн идэвхжлийг сулруулж болзошгүй” гэж ХНС-гийн дарга Жером Пауэлл мэдэгдсэн байна.


Бодлого боловсруулагчид бодлогын хүүг сүүлийн хэдэн арван жилд байгаагүй түвшинд хадгалах замаар инфляцыг бууруулахыг зорьж байгаа юм. Есдүгээр сард тэд хүүг 50 суурь нэгжээр бууруулсан нь сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд анх удаа бууруулсан тохиолдол болсон билээ.  


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялснаас хойш нэг өдрийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Д.Трамп өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа бодлого боловсруулагчидтай амаргүй харилцаатай байсан юм. Тэрбээр хүүгээ бууруулахыг шаардаж, Ж.Пауэллийг огцруулахыг хүртэл уриалж байсан удаатай.


ХНС нь бусад төв банкуудын нэгэн адил улс төрийн хөндлөнгийн оролцоогүйгээр мөнгөний бодлогын талаар шийдвэр гаргах зорилготой бие даасан засгийн газрын агентлаг юм. Бодлого боловсруулагчид энэ удаад дээр дурдсантай ижил дарамттай тулгарах эсэх нь анхаарал татаж байна. Харин Ж.Пауэлл мэдэгдэхдээ, ойрын хугацаанд сонгуулийн дүн манай бодлогын шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэжээ.



Холбоотой мэдээ