Сагсан бөмбөгийн шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг энэ сард хоёр тоглолт хүлээж байна.
Тодруулбал, ирэх онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх хоёр тоглолтыг Япон болон Хятадын багтай хийнэ. Тэд эхний тоглолтоо энэ сарын 21-нд Японы Үцүномия хотод хийнэ. Японы шигшээ багтай тоглох уг тоглолтод монголчуудад эчнээ танил болсон Юта Ватанабэ, Юдай Баба, Жош Хавкинсон нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнд дууджээ. Үүний дараа 24-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Хятадын шигшээг хүлээн авах юм. Хятад бүрэлдэхүүнээ хараахан зарлаагүй байна. Дээрх хоёр багтай тоглох шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Н.Батбаяр, Т.Ууганбаяр, А.Азбаяр, М.Өлзий-Орших 18 тоглогчийг дууджээ. Үүнээс зургаа нь хасагдаж, 12 нь дээрх хоёр багтай тоглоно. Монголын баг тамирчид энэ сарын 16-ныг хүртэл эх орондоо бэлтгэл хийсний дараа Японыг зорьж, хоёр нөхөрсөг сорил тоглолтод оролцох юм.
Монголын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны
чансаагаар дэлхийд 108-д, Азидаа 23-д эрэмбэтэй байна. Тэгвэл Хятадын
шигшээ баг чансаагаараа дэлхийд 30-д, Азидаа зургаад, Япон дэлхийд
21-д, Азидаа хоёрдугаарт явна.
Хэсгийн байдлыг харахад Монголын шигшээ баг хоёр хожигдолтой байгаа.