ХОВД: Тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
Дөрвөн үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрийг 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр үе шат нь 2029 онд дуусах юм.
Уг хөтөлбөрт Ховд аймгаас Булган, Манхан, Дарви, Жаргалант гэсэн дөрвөн сум багтжээ.
Дээрх суманд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц болон тээвэр логистикийн төв байгуулах, ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр олон ажил хэрэгжинэ.
Төслийн баг, холбогдох яамны төлөөллөөс бүрдсэн ажлын баг Ховд аймагт ажиллалаа.
Тэд энэ сарын 7-нд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, төслийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх зарим ажлын талаар санал солилцжээ.
Энэ тухай Ховд аймгийн ЗДТГ-аас өнөөдөр мэдээлэв.
Ирэх онд зөвхөн Жаргалант суманд л гэхэд бохирын шугам шинэчлэх, шинэ суурьшлын бүсэд 6.5 км авто зам барих, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчлэх, 1500 хүний суудалтай спорт заал барих ажлыг эхлэхээр зураг төсөл хийсэн байна.
Мөн Булган суманд мал эмнэлгийн хорио цээрийн бүс байгуулахаар төлөвлөжээ.
Дээрх уулзалтын үeэр аймгийн удирдлагууд “Гудамж” төсөл хэрэгжүүлэх, хотын төвлөрсөн хогийн цэгийг шинэчлэх, цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг санал хэлсэн байна.