Цаг агаарын эрс тэс үзэгдлүүдээс дэлхийн эдийн засагт учирсан хохирлыг тооцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-11-11 16:31:01

ПАРИС, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /TASS/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн улмаас сүүлийн 10 жилд дэлхийн эдийн засагт 2 их наяд гаруй ам.долларын хохирол учраад байна гэж  Парис хот дахь Олон улсын худалдааны танхимын тайланд дурджээ.


Тус танхим Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлыг (COP29) угтан энэхүү тайланг нийтэлсэн байна. 


Тайланд 2014-2023 оны хооронд нийт 1.6 тэрбум хүний амьдралд нөлөөлсөн 4000 орчим цаг агаарын үзэгдлээс учирсан хохирлыг тооцжээ.  Судлаачид орон сууцны барилгууд, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, дэд бүтцийн байгууламжуудын эвдрэл сүйдлээс учирсан шууд хохирол, түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал хөдөлмөрийн бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.


“Сүүлийн 2 жилд л гэхэд дэлхийн эдийн засагт учирсан хохирлын хэмжээ өмнөх 8 жилийнхээс 19 хувиар өсөж, 451 тэрбум ам.долларт хүрээд байна” гэж тайланд онцолжээ. 


“Уур амьсгалын өөрчлөлт нь ирээдүйн асуудал биш гэдгийг сүүлийн 10 жилийн мэдээллүүд харуулж байна. Цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэлтэй бүтээмжийн алдагдал яг одоо эдийн засагт нөлөөлж байна” гэж танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Дентон цохон тэмдэглэсэн байна. 


Энэхүү судалгааг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Oxera” компани хийжээ. 





Холбоотой мэдээ