ХӨВСГӨЛ: Жалханз хутагт Ц.Дамдинбазарын амьдрал уран бүтээлийг гэрэл зургаар үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төв музей "Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд шашин, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Богд хаант Монгол улсын анхны Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын амьдрал уран бүтээлээс "Нээлттэй сан хөмрөг" булангаараа дэглэн толилуулж байна.
Жалханз хутагт Ц.Дамдинбазарын хүүхэд байхдаа өмсөж байсан гутал, малгайн хайрцаг сахиус, туурвиж байсан бүтээл зэргийг гэрэл зургаар толилуулж байна.
Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь 1874 онд Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төржээ.
Дамдинбазар хүү эцэг Цэдэнсодном, эх Содномын хайр ивээл дор 3 насны сүүдэр зооглох жил буюу 1877 оны зуны эхэн сард манжийн хаан дээрхийн гэгээнтнээс Жалханз хутагтын VIII дүр мөн хэмээн алтан савханд нэр шингэж зарлиг ирсэн аваас одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох (Тухайн үеийн Бүрэнхаан сум) сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлин хийдэд хутагтын сэнтийд залсан байна.
Ц.Дамдинбазар нь төрөлхийн цовоо, сэргэлэн, ой сайтай байсан тул хэл бичиг, тоо зурхайн ухаан, бурхан шашин хийгээд урлаг, гүн ухаан, гадаад хэл, ёс заншил, уламжлалт арга ухааныг онцгой эзэмшиж, 1890 оноос хүрээний мэргэдтэй ном хаялцаж улмаар Богд гэгээний анхаарлыг татах болжээ.
Түүнийг 1912 онд Богд хаанаас баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилж, манжийн амбан олон цэргийг эх орноосоо хөөн гаргах Ховд хотыг чөлөөлөх, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан байна.
Жалханз хутаг Дамдинбазарын 1919 онд Бээжинд очиж хятадын удирдлагатай хийсэн хэлэлцээр нь хоёр ард түмний найрамдал, тэр үеийн цэргийн дарангуйллыг намжаасан онцгой үйл явдал болсон байна.
Жалханз хутагт Дамдинбазар нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялахад тэр үеийн лам ноёдоос хамгийн идэвхтэй дэмжигч байж аливаа нэг асуудалд цаг үе, орчин, орон зайг нь мэдэрч хамтран зүтгэгч нараа туйлаас хүндэтгэж, яриа хэлцлийг эрхэм болгодог улс төрч нийгмийн зүтгэлтэн байсан тул 1922 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон байна.
Тэрээр “Багшийг шүтэх ёсон”, "Хүслийг хангагч", "Эрдэнийн санг хайрлагч", "Нигүүлсэнгүй цэнгэлт далай" зэрэг олон ном зохиол туурвижээ.
1930-аад оны үед түүний ихэнх бүтээлийг устгасан тул зөвхөн эхний дөрвөн
номын хагас нь үлдсэн байна.