БАЯН-ӨЛГИЙ: Иргэн А.Ханай хашаандаа 700 ширхэг чацарганын мод тарьж ургуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн А.Ханай сүүлийн 7 жилийн хугацаагаа чацаргана тарихад зориулж байна.
Түүний хувьд санхүүгийн салбарт ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэрт гарчээ. Тэрээр, "Хүн амьдралынхаа турш бүх хэрэгцээгээ байгалиас авдаг. Үнэгүй юм гэж байх ёсгүй. Тийм учраас хүмүүс ч байгаль эхэд зохих хариуг нь барьж, боломжоороо буцааж юм өгөх ёстой" хэмээн үздэг бөгөөд тус зорилгынхоо хүрээнд анх 5000 кв.м газар авч, 700 ширхэг чацаргана, 150 ширхэг хар нүд, тошлой зэрэг жимсний мод тарьжээ.
Тарьсан модныхоо усалгааг дуслаар услах технологиор шийджээ. Энэ технологи нь усыг хэмнэх боломж олгохоос гадна хөдөлмөрийн хүч бага зарцуулдаг онцлогтой арга аж. Мөн химийн бордоо ашигладаггүй, малын бууцаар модоо борддог байна. Тарьсан мод нь 3-4 жилийн дараа жимс өгч эхэлжээ.
А.Ханай гуайн хашаанаасаа хурааж авах ургацын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Ургац хураахад нутгийн иргэд, хүүхдүүд тусалж тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн хөл авдаг. Тэднийх хураасан ургацаараа гэр бүлийн хэрэгцээгээ хангахаас гадна нутгийн хөрсөд ургасан цэвэр бүтээгдэхүүнийг орон нутгийн зах зээлд нийлүүлж байна.