Хэлэлцээрийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийн эргэн тойронд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
МҮХАҮТ-аас
энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдэд тулгарч
буй бэрхшээл, цаашид
сайжруулах боломжийн талаар санал боловсруулан, хоёр улсын холбогдох төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг зорьж байна. Мөн, эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд гадаад худалдаанд гарсан өөрчлөлтийг хэлэлцүүлгийн үеэр сонирхуулсан бөгөөд оролцогчдоос
гаргасан саналыг нэгтгээд, энэ сарын 27-нд Япон, Монголын хамтарсан дэд хорооны уулзалтад танилцуулж, хэлэлцээрийн ашиглалт хэр байгаа, хэрхэн сайжруулах, аж ахуй
нэгжүүдэд тулгарч буй худалдаа, тарифын
саадыг яаж багасгах талаар ярилцах юм.
Монгол Улс, Япон улс хооронд байгуулсан “Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр” 2016 онд хүчин төгөлдөр болж, 2017 оноос хэрэгжүүлж, Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн, Японы тал 97 бүлгийн
9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг багасгахаар хэлэлцээ хийсэн юм. Импортын эдгээр барааны гаалийн тарифын 59 хувийг
(3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр
хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн
чөлөөлсөн ч манай улсын экспортын нэр төрөл, үнийн дүн, хөрөнгө оруулалт
төдийлөн нэмэгдээгүй статистик үзүүлэлт бий.
Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв ТББ-ын гүйцэтгэх захирал
Ц.Цэнд-Аюуш “Бид Япон руу 10 гаруй
жил эсгий углааш байнга гаргаж
байгаа ч зах зээл нь тэлэхгүй
байна. Гол шалтгаан нь виткус кодны зөрүү юм. Эсгийг чөлөөлсөн ч
эсгий углаашийг гутал, хөлд өмсөх бүтээгдэхүүн гэж үзээд чөлөөлдөггүй нь энэ хэлэлцээрийн гол анхаарах асуудал. Хэрвээ энэ кодны
асуудлыг ойлголцвол эсгийн
бүтээгдэхүүний зах зээл тэлэх боломжтой”-г тодотгожээ.
Уул уурхайн бус экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал Ч.Нэргүй, “Хоёр орны хооронд худалдааны дорвитой ахиц гарсангүй. Хэлэлцээр байгуулаад 8 жил болсон ч бидний өмнө нь гаргаж байсан ноос, ноосон бүтээгдэхүүн гэсэн хэдхэн нэр төрөл хэвээр байна. Шалтгааныг олоход МҮХАҮТ, бизнесийнхэн шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Японы уламжлал, соёл Монголынхоос огт өөр учир тэдэнд зориулсан бүтээгдэхүүнээр экспорт хийе. Хэдэн мянган жилийн уламжлалтай цайны соёлтой оронд чацаргана сайн гэж сурталчлахын оронд соёлд нь нийцүүлж, монголын онцлогтой цайны бүтээгдэхүүн гаргавал илүү сонирхоно” гэх мэт санал хэлж байлаа.