“VW”, “Rivian” компаниуд хамтран цахилгаан автомашин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-11-14 14:25:32

БЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /DW/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Rivian” компанитай хамтарсан үйлдвэр байгуулжээ. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 5.8 тэрбум ам.доллар /5.46 тэрбум евро/ болсон байна.


“Энэхүү түншлэл нь “Rivian”-ы дэвшилтэт программ хангамж, цахилгаан тээврийн хэрэгслийн технологи дээр тулгуурлах бөгөөд анхны загварууд 2027 онд гарч эхэлнэ” гэж “VW” группийн гүйцэтгэх захирал Оливер Блюме мягмар гарагт  Калифорни муж улсын Пало-Алто хотод хамтарсан үйлдвэрийг нээх ёслолын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, 2027 онд гаргах загварууд нь “Volkswagen”-аар эхлэх бөгөөд дараа нь “Audi”, “Scout”, “Porsche” болон бусад брэндийн загварууд гарах ажээ.


Энэ оны зургаадугаар сард “VW”, “Rivian” компаниуд цахилгаан тээврийн хэрэгслүүдэд ашиглагдах “дараагийн үеийн програм хангамж бүхий платформ”-ыг бий болгох зорилгоор хамтарсан үйлдвэр байгуулна гэдгээ зарласан байна. Лхагва гаргаас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөөд буй шинэ хамтарсан үйлдвэр Пало-Альтод төвлөрч, Европ болон Хойд Америкт салбараа байгуулахаар төлөвлөж байна.


Энэхүү хэлцэл нь АНУ-д цахилгаан автомашины эрэлт буурсантай холбоотойгоор алдагдалтай ажиллаж буй “Rivian”-д боломж олгож байгаа юм. 2009 онд байгуулагдсан тус компани АНУ-ын зах зээлд эрэлттэй байдаг том оврын жийп болон пикап машинуудаар дагнажээ.


Өнгөрсөн улиралд “Rivian” 10 мянга орчим машин зах зээлд нийлүүлсэн боловч 874 сая ам.долларын орлого олж, 392 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Харин “VW” мөн хугацаанд 2.2 сая орчим автомашин нийлүүлж, 78.5 тэрбум еврогийн /83.3 тэрбум ам.доллар/ орлого олж, татвар төлсний дараах байдлаар 1.58 тэрбум еврогийн ашигтай ажиллажээ.


Хямралд өртөөд буй “VW” Герман дахь үйлдвэрүүдээ хааж, олон мянган ажилтнаа цомхотгоно гэж мэдэгдсэнээр Хятадын хямд цахилгаан машинуудтай өрсөлдөхөд хүрч буй Европын автомашин үйлдвэрлэгчдийн нэг болоод байна.  


Германы бизнесийн өдөр тутмын “Handelsblatt” сонинд бичсэнээр, “VW” компани мөн өөрийн програм хангамж хөгжүүлэлтийн компани болох “CARIAD”-тай холбоотой асуудалтай тулгараад байгаа тул охин компаниуд болох “Audi” ба “Porsche” нь шинэ цахилгаан автомашин худалдаанд гаргахаа хоёр жилээр хойшлуулахаас аргагүйд хүрчээ.



Холбоотой мэдээ