Хятадын хөрөнгө оруулалтаар Перуд мега боомт барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-15 22:08:49

ЛИМА, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Хятад улсын хөрөнгө оруулалтаар Перуд барьсан “Чанкай” гэдэг далайн боомтыг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолд Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар онлайнаар оролцсон байна.


“Чанкай боомтыг нээж байгаа нь Перу улс, перучуудын хувьд түүхэн цаг мөч юм” гэж Ерөнхийлөгч Болуарте хэлээд “энэхүү мега төсөл нь Перу улсыг дэлхийн түвшний ложистик, технологи, үйлдвэрлэлийн төв болгон хувиргах шинэчлэлийн эхлэлийг тавьж байна” гэлээ.


Хятадын удирдагч Ши Жиньпин хэлэхдээ “боомтыг нээж байгаа нь “Нэг бүс- нэг зам” төслийн хүрээнд өргөжин тэлж буй Хятад-Перугийн хамтын ажиллагааны бодит жишээ” гэдгийг онцлон тэмдэглэлээ. “Үүний үр дүнд Хятад улс ба Латин Америкийн хооронд далайн замын коридор бий болж, Инкүүдийн их зам ба XXI зууны далайн торгон замыг холбох бөгөөд Перу улс, бүс нутгийн бусад улсын цэцэглэн хөгжих замыг нээнэ” хэмээн тэрбээр хэлэв.     


Номхон далайн эрэгт, нийслэл Лима хотоос хойд зүгт 80 км-ийн зайд орших Чанкай мега боомт бол Өмнөд Америк дахь Хятадын оролцоо бүхий анхны ложистикийн төв юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 3,4 тэрбум доллар бөгөөд үүний 60 хувийг Хятадын COSCO Shipping компани гаргажээ.


Чанкай боомтод Перугийн төдийгүй Чили, Колумб, Эквадор болон Латин Америкийн бусад улсын хөлөг онгоцуудыг хүлээн авах бөгөөд ингэснээр Азийн орнуудтай худалдаа хийхийн тулд Мексик, АНУ-ын боомтуудаар дайран өнгөрөх шаардлагагүй болох юм. Тус боомт дэлхий дээрх хамгийн том чингэлэг тээгч хөлөг онгоцуудыг хүлээн авах бөгөөд эхний хөлөг онгоц ирэх долоо хоногт боомтоос хөдлөх ажээ.


Тус боомтыг барьснаар Перугаас Хятад хүртэл далайн замаар тээвэр хийх хугацаа 23 хоног болж богиносох ба зардал нь хамгийн багадаа 20 хувиар буурна. Мега төсөл хэрэгжсэнээр Перу улс жил бүр 4,5 тэрбум долларын орлого олох ба 8 мянга гаруй ажлын байр бий болно. 

Холбоотой мэдээ