Г.Галбадрах: Сэлэнгэ аймагт зам тээврийн осол, химийн бодис алдагдах эрсдэлийг үнэлэх шаардлагатай гэж үзсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-16 13:00:27

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, ДХИС-ийн гамшиг судлалын докторант, хурандаа Г.Галбадрахтай ярилцлаа.

 

-Саяхан “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг анх удаа хийлээ.

Энэ хурлын гол зорилго юу байв. Аймгийн гамшгийн эрсдэлийн эрэмбийг тогтоосон гэж таны илтгэлд дурдагдаж байсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан гаргаж танилцуулах, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг багасгах, орон нутгийн  хөгжлийн бодлогод тусгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх, гамшгийн эрсдэлийг багасгах асуудлыг орон нутгийн  болон салбаруудын хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой.


Сэлэнгэ аймаг бол Хангай, Хэнтийн уулархаг мужид багтдаг, хилийн бүсийг хамарсан, Монгол орны ойн, ашигт малтмалын, усны, хүнсний нөөцийн гол эх үүсвэрийг агуулдгаараа онцлогтой. Эндээс энэ бүс нутаг Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой бүс болох нь харагдаж байгаа юм.   


Аймгийн гамшгийн эрсдэлийн судалгаагаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын өнөөгийн байдлыг тодорхойлж, орон нутгийн гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлын түвшинг тодорхойлсон. Мөн тус аймгийн гамшгийн эрсдэлийн тойм үнэлгээнд тулгуурлан сумдын эрсдэлийн эрэмбийг мөн тогтоосон.


Дээрх судалгааны үр дүнд үндэслэн хил орчмын бүс нутаг, Сэлэнгэ аймгийн гамшгийн эрсдэлийг талуудын оролцоонд тулгуурлан бууруулах саналыг боловсруулж байна.


Сэлэнгэ аймаг нь 41.1 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, Монгол Улсын ойн нөөцийн 25 хувь, урсгал усны 55 хувь, судлагдсан алт, хүдрийн нөөцийн 80 хувийг тус тус эзэлдэг. Мөн 100 гаруй мянган хүн амтай 17 сум 6 тосгон, 56 багтай.


Сэлэнгэ, Орхон, Ерөө, Хараа, Гүннуур зэрэг томоохон гол мөрөнтэй, хилийн боомт, зам тээвэр, холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц сайн хөгжсөн. Нийт 2600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Монгол орны хойд хэсэгт, баруун талаараа Булган, Орхон аймаг, өмнөд хэсгээрээ Төв, зүүн талаараа Хэнтий аймаг, хойд, зүүн хойд талаараа ОХУ-тай хиллэдэг онцгой бүс нутаг.  


-Сэлэнгэ аймгийн тухайд хот байгуулалтын үнэлгээ ямар түвшинд байдаг вэ?

-Хот байгуулалтын үнэлгээгээр газрын чичирхийллийн хүчин зүйлийг 6 ба түүнээс доош баллд хамрагдаж байгаа бол нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, 9 ба түүнээс дээш баллын ангилалд тохиромжгүй гэж үздэг. Энэ үнэлгээгээр тус аймгийн нийт суурьшлын бүс нутаг газар чичирхийллийн хувьд 7-8 балл хязгаарлагдмал тохиромжтой байна.


Газрын гадаргын налуу нь суурьшлын бүс газарт барилга, байгууламж, зам талбай, инженерийн шугам сүлжээг барьж байгуулахад 8 градус хүртэл налуутай бол тохиромжтой, 8-20 хувьд хязгаарлагдмал, 20 градусаас дээш бол тохиромж муутай байдаг бөгөөд энэ хүчин зүйлээр үнэлэхэд аймгийн төв 20 градусаас дээш налуутай тул тохиромж муутай, харин бусад хот суурин газрууд нь тохиромжтой зэрэглэлд байна.


Хот байгуулалтын хувьд хөрсний усны түвшин 3 метрээс доош бол нэн тохиромжтой, 1-3 метр бол хязгаарлагдмал тохиромжтой, 1 метрээс дээш бол тохиромж муутай ангилалд тооцогдоно. Сэлэнгэ аймгийн бүх суурин газрууд хот байгуулалтын хувьд нэн тохиромжтой, тохиромжтой ангилалд багтаж байна.


Энэхүү судалгаагаар юуны өмнө Сэлэнгэ аймгийн хэмжээнд болон улсын хил орчим тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг тодорхойлж, эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнг тодорхойллоо. Эрсдэлийн үнэлгээний үр дүнд тулгуурласан цаашид авах арга хэмжээний саналыг боловсрууллаа. 


-Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын талаар мэдээлэл өгнө үү?

-Аймгийн 17 сумын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 9 төрлийн 1835 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсон байна. Гамшгаас үүдсэн хохирлыг авч үзвэл хамгийн ихээр гарч байгаа объектын түймэр, ой хээрийн түймрээс үүдсэн хохирол их байгаа.


2004-2023 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 1931 удаагийн объектын гал түймэр гарч, 17 иргэн өртөн нас барж, 59 иргэн түлэгдэж, 17.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч гал сөнөөгчид 113 хүний амь аварч, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 58.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.


Энэ хугацаанд томоохон хохирол дагуулсан, олон хоног үргэлжилсэн гал түймрийн дуудлагууд цөөнгүй гарч, тухай бүрд Онцгой байдлын газрын алба хаагчид үүргээ амжилттай биелүүлж ажилласан.


-Гамшгийн улмаас хамгийн их хохирлыг эзэлж байгаа нь юу байна вэ?

амшгийн тоонд харьцуулсан дундаж харьцаагаар аадар бороо, аянга мөндөр, мал амьтны гоц халдварт өвчнөөс үүдсэн хохирол хамгийн их хохирлыг үүсгэж байна. Нас баралтын тоогоор хамгийн их хохирлыг үүсгэж байгаа нь усны осол юм.


Усны ослоор жилд дунджаар 12 хүн нас барж байгаа нь аялал зугаалгын үеэр архидан согтуурсан, хэнэггүй байдал, хүүхдээ хараа хяналтаасаа алдсан зэрэг шалтгаан хамгийн их хувийг эзэлж байгаа нь харагдаж байна.


Сэлэнгэ аймгийн бас нэг онцлог нь Монгол Улсын хилийн бүс нутгийн томоохон хэсгийг эзэлдэг учраас хил дамнасан гамшгаас хамгаалах менежментийн асуудал байгаа юм. Тухайлбал, ой хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, аюултай бодис материалын тээвэрлэлтийн үеийн осол гэх мэт.


-Сэлэнгэ аймгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээний  үр дүнгийн талаар тодруулна уу?

-2023 онд Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг индикаторын аргачлалаар гүйцэтгэсэн.


Сумдын түвшинд Засаг даргын захирамжаар “Сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх баг”-ийг байгуулж, нийт 17 сумын хэмжээнд 408 ажилтан албан хаагчдыг “Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний индикаторын аргачлал”, “Гамшгийн эрсдэлийн ба хөгжил” сэдэвт 34 цагийн танхимын сургалт, 102 цагийн дадлагыг зохион байгуулан, эдгээр ажилтнаар бүрдүүлсэн баг сумдын гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэн ажилласан. Сургалт зохион байгуулсаны дараа шууд сумдын эрсдэлийг үнэлсэн их ач холбогдолтой ажил болсон.


Тухайлбал Гамшгийн эрсдэлийг багасгах асуудал нь дан ганц Онцгой байдлын байгууллагын ажил биш гэдгийг ойлгосон,

Бүх сумын төлөөлөл гамшгийн эрсдэлийн талаарх дэлгэрэнгүй мэдлэг ойлголттой болсон,

Сургалтаар олж авсан мэдлэгээ шууд бататгаж, багш нарын хамтаар өөрсдийн сумдын гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн нь үнэлгээний үр дүн бодитой гарахад шууд нөлөөлсөн,

Гамшгийн эрсдэлийг багасгах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан,

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнгээс төлөвлөлтөд тусахуйц санал санаачилга гарсан.


-Таны ярьсан нийтлэг эрсдэлүүдээс гадна Сэлэнгэ аймагт хамгийн онцлог тохиолдох эрсдэлт зүйл юу байна вэ?

-Сэлэнгэ аймгийн хувьд Монгол оронд түгээмэл тохиолддог объектын түймэр, ой, хээрийн түймэр, ган, зуд, хүчтэй салхи, үер, хүний болон малын гоц халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг  гамшгийн төрлөөс гадна тус аймагт уул уурхайн чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулдаг.


Мөн олон улсын транзит зам ачаа тээврийн тыр машин, олон улсын чанартай төмөр зам явдаг онцлогийг харгалзан авто осол, үйлдвэрлэлийн осол, химийн бодис алдагдах  гэсэн төрлөөр нэмж эрсдэлийг үнэлэх шаардлагатай байгаа.


Авто осол, үйлдвэрлэлийн осол, химийн бодис алдагдах нь хэдийгээр гамшгийн нэг төрөл гэж үзэх боломжгүй ч тус аймгийн хувьд анхаарал татсан асуудал учраас гамшгийн эрсдэлийн тойм судалгааны баг Сэлэнгэ аймагт зам тээврийн осол, химийн бодис алдагдах эрсдэлийг үнэлэх шаардлагатай гэж үзсэн. Сумдын түвшинд хийсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнгээс харахад ерөнхий эрсдэлийн түвшин дунд байгаа хэдий ч Баянгол, Баруунбүрэн, Жавхлант, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Сүхбаатар, Хушаат, Хүдэр, Шаамар сумын эрсдэлийн түвшин харьцангуй өндөр байгаа.


-Сүүлийн үед газар хөдлөлт нэлээд болдог болсон байна. Сэлэнгэ аймгийн тухайд энэ асуудал ямар байдаг юм бол?

-Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 7 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тиймээс болзошгүй эрсдэл, гамшгийг тооцон үзэж, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтад онцгойлон анхаарах шаардлагатай байна.


Аливаа барилга байгууламжийг барих явцад улсын хяналтын байгууллага, материалын хяналт, зохиогчийн хяналтыг давхар зохион байгуулж, энэ тогтолцоог боловсронгуй болгох, барилгын норм, чанар, стандарт аюулгүй байдал, газар хөдлөлтөд тэсвэртэй байх байдалд орон нутаг, засаг захиргааны байгууллага анхаарах нь чухал байна.


Уг үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, чиг үүргийг нь тодорхой болгоход анхаарах нь чухал юм.   

Холбоотой мэдээ