Д.Цэрэнсодном: Турфаны судалгааг нээлт гэж гурван багш маань гурвуул барьж гүйсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөө цагийн бичгийн мэргэдийн дотор таван ухааныг нэвтэрхийеэ судалсан, Монголын судлалын их өргөөний хойморт бахархалтай заларсан нэрт эрдэмтэнтэй уншигч таныг уулзуулж байна. Энэ эрхэм хүн бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодном юм.
-ҮЗЭМЧИН СУДЛАЛААС ТУРФАН РУУ ХИЙСЭН АЯЛАЛ-
-“Ном заахын
тулд савыг нь хар” хэмээн дорно дахины мэргэд сургасан байдаг. Таны багш Ц.Дамдинсүрэн
гуай бол төрийн гурван удаагийн шагналт,
манай Монголын гарамгай эрдэмтэн байв. Тэр их хөмүн Хэл
зохиолын
хүрээлэнгийн захирал байхдаа таныг
сонгож ажилд анх авсан юм билээ. Тухайн үед мөн ч мэргэн сонголт хийж дээ гэж
бодогдож байна...
-Баярлалаа. Яах
аргагүй намайг шинжлэх ухааны замаар замнах ажилд Ц.Дамдинсүрэн багш хөтөлж оруулсан гэж
хэлж болно. 1962 онд МУИС-ийг төгсөх үед ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн сурлага
сайтай хүүхдүүдийг ажилд авах гэж их хөөцөлдсөн юм билээ. Тэр үед эрдэм
шинжилгээний ажилтны цалин багавтар байж л дээ. Тэгээд ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэнгийнхэн намайг гайгүй цалинтай, эрдэм шинжилгээний дэд ажилтны орон
тоон дээр авсан юм билээ. Ингээд би Ц.Дамдинсүрэн багшийнхаа ачаар "Капитализмыг
алгасна" гэдэг шиг юм болж өндөр цалинтай ажилтан болсон хүн дээ.
Ажилд орсны дараа 10-аадхан хоногийн дараа “Үзэмчин судлал” хэмээх хээрийн судалгааны ажилд бие даалган гаргасан. Тэр судалгааны ажлаар асар их зүйл цуглуулж ирсэн, их ч юм бичсэн л дээ. Түүнээс хойш би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэндээ 60 гаруй жил ажиллаж явна даа.
-Танд их
итгэл хүлээлгэж байж дээ. Та багшийнхаа ямар үгийг дээдэлж, ямар зан чанарыг нь
биширч явдаг вэ?
-Манай багш ерөөс хүнд тэгж их айхтар үг захиж хэлээд байдаггүй. Нэг ёсондоо өөрийнхөө байгаа төрхөөр бусдыг үлгэрлэдэг, хүнийг хүмүүжүүлдэг хүн байв. Нэг сайхан чанар багшид минь бий. Үүнийг нь би бас биелүүлж байх сан гэж боддог.
Багш энх тайвны, олон улсын харилцааны шугамаар судалгааныхаа ажлаар үе үе томилолтоор явна л даа. Ирэхдээ үзэж хараагүй, сонин содон ном заавал авчирч өгдөг байлаа. “Шавь Цэрэнсодномдоо дурсгав” гэж бичээд өгнө.
Одоо миний энэ ширээн дээр Да багшийн
минь гарын үсэгтэй ном зөндөөн байгаа.
Германчууд 1960-аад оны үед Турфанаас олсон эртний бичмэлүүдийг профессор Э.Хэйниш гэрэл зургаар авч хэвлээд олон нийтэд түгээсэн байдаг юм. Ингээд Да багш надад тэр зурагтай дэвтрийг авчирч өгөхөд нь би даалгавар гэж санаж насан туршдаа Турфаны цуглуулгыг судаллаа даа. Энэ судлал миний нэр хүндийг их өсгөсөн. Энэ бол Да багшийн минь ач гавьяа яалт ч үгүй мөн. Тиймээс багшийнхаа үгийг сайн сонсож, туршлагаас нь суралцаж байж гэмээн номын захад хүрнэ шүү гэж захья даа.
-“Багш
нарынхаа хэлж болохгүй, хийж чадаагүйг биелүүлэх юмсан гэж тахимдуу сэтгэлээр
зүтгэж явна” гэж Та дурсдаг. Та Турфаны цуглуулга, ардын аман зохиол, хэл
шинжлэл, Монголын нууц товчоо /МНТ/, шашны уран зохиол, монгол анагаах ухаан
зэрэг олон чиглэлээр судалгаа хийжээ...
-Тийм тийм, Багш
нарынхаа хэлж амжаагүй үг, хийж гүйцэлдүүлээгүй ажлынх нь нэгээхэн хэсгийг ч
болов өндийлгөх юм сан гэж хүчин зүтгэж явна. Ингэж хэлэх ч дуртай. Энэ бол
худлаа үг биш юм шүү. Жишээлбэл, шашин, Чингисийн тухай сэдэв бол хаалттай
сэдэв байлаа л даа.
Да багшийг Төв хорооны тогтоол гаргаад буруутгасан юм. Би багшаасаа “Багш аа таныг юунд буруутгав” гэж асуухад багш “Аа яах вэ, Цагаан дарь эх, Ногоон дарь эхийг хэвлүүлсэн нь нэг алдаа, Цагаан дарь эх, Ногоон дарь эхийг ажилд авсан нь нэг алдаа гэж байна” гэж хэлж билээ.
Энэ мэтчилэн
бидний багш нар дээрх сэдвүүд рүү гар дүрж амжаагүй л дээ.
Би 1988 онд Бээжингийн их сургуулийн зочин профессороор уригдаж 3 жил ажилласан. Тэр цагаас хойш материал цуглуулаад, “Монголын бурхны шашны уран зохиол” гэсэн гурван боть ном гаргасан. Энэ бол миний үг худал биш юм шүү гэсний нэгээхэн нотолгоо гэж хэлж болох байх аа.
- Багш тань ямар судалгаа хийх хэрэгтэйг ер нь Танд зөвлөж, захиж байсан уу?
-Дээр хэлсэнчлэн багшийн авчирч өгдөг байсан номнууд надад судлах зүйлийг минь нэмэгдүүлж байлаа. Би үүнийг бэлэг гэж хүлээж авахаас гадна даалгавар гэж боддог байв. Тэдгээр ном бол ерөөсөө л “За чи энэ сэдвийг судалбал зүгээр шүү” л гэсэн үг байсан. Манай багш тэгж их үглээд байдаггүй хүн байлаа. Маш товчхон, тодорхой, харцаараа, сэтгэлээрээ биднийг дагуулж сургаж байсан. Тэгж л биднийг өөд нь өвсөн дээр гаргасан хэрэг л дээ.
-Тэгэхээр, Монголын
шашны уран зохиолын хамгийн агуу сайхан нь юундаа байдаг вэ?
-Бидний сайн мэдэх “Ганжуур”, “Данжуур” бол тэр чигтээ шашны сургаал, үлгэр, домог, цадиг, түүх гээд үй түмэн зүйл байна. Үүнд эртний Энэтхэгийн алдартай зохиолуудаас ч оруулсан байдаг. Иймээс “Ганжуур” “Данжуур”-ын дотор маш их ардын аман зохиолын гарвалтай, цаг цагийн аясаар хувьсаж ирсэн маш олон зохиол багтдаг. Ийм агуу зүйлийг л хүнд хүргэх хэрэгтэй шүү дээ.
- Одоо Та
ямар судалгаанд шамдан суугааг сонирхож болох уу?
- Би ерөөсөө л
МУИС-ийн монгол хэлний ангийг төгссөн хүн. Тиймээс Монголын аман зохиолоор
угжуулж эхлээд, цаашлаад бичгийн уран зохиол, шашны уран зохиол, МНТ гээд л
сурч судалсан.
“Монголын
нууц товчоо”
бол үг болгоных нь хажууд хятадаар утгачлан
хадчихсан байгаа шүү дээ. Тийм учраас эртний хятад хэл
гадарлахгүй хүн бол Нууц товчоо руу ороход тун төвөгтэй. Юм хийлээ гэхэд өрөөсгөл юм болно. Тиймээс
би хятад хэл сайтай, Хятадын орчинд орсных, Бээжингийн их сургуулийн дорно дахины
салбарын Хуан багш эртний
хятад хэлний ойлголт, хятад үгийн
ил, далд нарийн утгыг сэтгэл харамгүй хэлж өгсөн. Би ч эртний монгол хэлний утга чанарын
талаар бас өөрийнхөө мэдэх хэр хэмжээгээр тэр профессорт хэлж өгдөг байв.
Нэг үгээр хэлбэл, би гурван жил “хятад толгой залгаж” МНТ судалсан гэж хэлж болно. Энэ бол миний Хятадаас олж ирсэн хамгийн том олз.
Хэрэв
би тэнд очоогүй бол, Хуан Зун Жүн багш, Өвөрмонголын нэртэй сайн эрдэмтэд, профессорууд,
тухайлбал, Хишигтогтох профессор нартай
уулзаагүй бол миний номын чанар чансаа энэ зэрэгтэй болж чадахгүй байсан. Ингээд
би “Монголын нууц товчооны орчуулга тайлбар” гэж 700 гаруй үг, тайлбартай бүтээлээ хүч шавхаж хийсэн юм.
Үүний минь талаар Өвөрмонголын эрдэмтэд сэтгэлд бүлээн сайхан үг хэлсэн шүү. “Баримжаа авиа гэдэг шиг Нууц товчооны судалгааны баримжаа болгож таны Нууц товчоог ар, өвөр Монголд голлон хэрэглэж байна шүү” гэж. Тэгэхээр миний энэ судалгааны ажлын үнэ цэн, ач холбогдол одоо болтол буугаагүй байх шиг байна. Түүнд нь би олзуурхдаг. Хамтран ажилласан Хятадын профессорууддаа баярлаж явдгаа энэ ташрамд илэрхийлье.
-Таны ширээн дээр
14-р зууны монгол хэл, монголын түүхийг судлахад маш чухал хэрэглэгдэхүүнд
тооцогддог “Хуа И И юү” толь байх шиг
байна...?
-Мин улсын таван толь байдаг юм. Юань улс солигдоод Мин улсын төр гараад ирүүт Мин улсын Хунү хаан “Давааны арын монголчуудтайгаа хэл нэвтэрч чадахаа болилоо. Та нар ярианы хэл, сурах бичиг гаргаач” гэж нэг зарлиг гаргасан. Тэднийг хятад хэл сайтай Өвөр Монголын Мандах профессор, Бүргэд зэрэг эрдэмтэн сайхан судалсан байна билээ. Тэр бүгдийг би одоо болтол ашигласаар л байна. Ийм учраас судалгааны ажил гэдэг бол мөр мөрөө түшиж, дутуугаа дүүргэж, дундуураа гүйцээж явдаг ийм сайхан ажил шүү. Үүнд эрдэмтдийн өөр хоорондын харилцаа холбоо, хамтын хүчин чармайлт маш чухал юм.
-Хэрэв би малчин
байсан бол минийх шиг судалгааг хэн хийх бол гэж заримдаа боддог гэж та ярьсан. Зарим үед
малчин болоод явсан бол сайхан байж дээ гэж бодогдох үе байдаг юм?
- Би өөртөө жаахан
эргэлзэж, “Энэ ажлыг ямар хүн хийх байсан бол, ямар түвшинд хийх байсан бол,
надаас илүү ч хийж болно, надаас дутуу ч хийж болно. Түүнийг хэлэхэд хэцүү” гэж
бодогдох үе байна л даа. Яагаад ингэж боддог вэ гэхээр, тэгж бодох шалтгаан
байгаа юм.
Би Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль төгссөн. Би уг нь М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явах юм сан гэж ангийнхаа багшид хэлсэн. Тэгсэн багш маань
“Өө, хөдөө тэр хуваарь ирдэггүй, чамд нэг сайхан шиг хуваарь өгнө өө” гэж байна. За тэгээд өгсөн л дөө. Тэгэхдээ “Монгол улсад анх англи хэлний анги нээгдэж, тэр сайхан хуваарийг чамд өглөө” гэж байна. Тэгээд би монгол хэлний ангид оролгүй англи хэлний анги төгссөн бол яах бол доо гэж боддог байхгүй юу.
Миний үеийн Нархүү, Эрэндоо, Балжинням гээд сурлага сайтай хүүхдүүд англи хэлний анги төгссөн. Тэд бол Юнескод ажиллаж байсан, гадаадад элчин сайдаар явсан, тийм л дүр төрх надад харагдаж байгаа юм. Би тэгж чадах уу, үгүй юу. За яах вэ чадаж гэж бодъё, чадсан бол гадаадад Элчин сайдаар нэг хоёр жил явсан байж магадгүй, нэг хоёр шил виски ахиухан уусан байж магадгүй, энэ Монголын судлалын ажил бол будаа болох байхгүй юу.
-Тэгээд та яаж
монгол хэлний ангид орж байв?
-МУИС-ийн багш
Ж.Баясах, Ж.Урангоо нар байна шүү дээ. Баясахын эцэг манай нэг голын Жамсран
гэж эрдэмтэн байлаа. Хөдөөний хүүхдүүд айл хэсэх их дуртай шүү дээ. Бүтэн сайнд
Жамсран гуайнхаар орсон чинь “Чи чинь том зохиолч болох хүн байсан байна билээ
шүү дээ” гэсэн.
Би 10-р ангид байхдаа “Суралцах замд” гэдэг өгүүлэл бичсэн юм. Түүнийг минь Лхамсүрэн гуай авчраад хэвлүүлчихсэнийг манай сумынхан бүгд уншчихжээ. Их сургуулийн англи хэлний ангид ороод чамд нэмэргүй. Монгол хэлний ангид ор гэжээ. Авгай нь чи маргааш дагуулж очоод бүртгүүлчих гэсэн. Тэгээд очоод бүртгэж байгаа хүмүүст хэлсэн чинь, Өө хөөрхий минь гээд толгой илээд, хөдөөний хүүхэд юугаа мэдэх юм, тэг тэг гэцгээж байна. Тэр үед “Хотын улс яасан сайхан ааштай байдаг юм” гэж бодогдож байв. Тэгсэн англи хэлний ангид орох гээд Боль, Соль гээд хүмүүс хөөцөлдөж байсан юм билээ л дээ. Нэг ч гэсэн орон тоо карманд нь орж ирэхгүй юу. Сүүлд нь САА явахдаа англи хэлний ангийнхан биднийг жаахан шоолох гэхээр нь, “Хүний орон тоон дээр орчихоод битгий онгироод бай” гэдэг байлаа /инээв/.
-Ямар ч байсан
англи хэлний анги төгссөн бол Монголын судлалын энэ бүтээлүүд байхгүй байх шүү
дээ...?
- Тийм ээ,
амьдралын минь замын зураг ийм л байж шүү дээ. Би сэтгэлийн дуудлага, өөрийнхөө
даалгавраар л бүтээлүүдээ хийнэ.
Тэгэхдээ дандаа
дардан сайхан яваад байгаагүй ээ /нэг хэсэг чимээгүй суув, сурв/. Ри
багшийг сонин хэвлэлд бичээд “Намын амьдрал” сонинд гараад нэг их дайрлаа шүү
дээ. Тэгэхэд Ри багш Польшид амарч байгаад, хоёр гурван захиа наашаа явуулж л
дээ. Америкийн Д.Синор, Н.Поппе, В.Хайсиг энэ гуравт өөрийнхөө авч явдаг жижиг
бичгийн машинаараа хэдэн хуудас бичиж л дээ.
Түүн дотор миний
нэр орчихжээ. Монгол Улсын Шинжлэх ухааны толгойд шинжлэх ухааны шинших үнэргүй
хүмүүс гараад залуучуудыг дарж байна, жишээлбэл, Д.Цэрэнсодном гээд.
Нөгөөдөхийг чинь Дотоод яамнаас надад үзүүлэв. За, та Б.Ринчен гуайн талын хүн
болчихлоо шүү дээ, юу бодож байна гэж байна.
Юу бодох вэ, одоо би баларна даа л гэлээ. Дотроо яаж балрахыг нь харъя даа л гэж бодож суулаа.
Тэгсэн үүнээс гарах арга бий шүү л гэж байна. Юу вэ гэсэн яинь, Б.Ринчен гуайн тухай “Үнэн” сонинд юм бич гэв. Тэгээд би тэндээс гараад талбай дундуур алхаж байхдаа, “Би Ри багшийг яаж муулах юм, Элгэн хад руу төлгөн хуц мөргөнө гэдэг. Яаж балрахыг нь харъя” гэж л бодогдож байв. Тэгж байтал би ч баларсангүй, социализм баларчихгүй юу. Амьдралд тийм нугачаа байна шүү дээ. Тэгээд өөртөө үнэнч, багш нартаа үнэнч, шинжлэх ухаанд үнэнч явсны ачаар 80 гарчихаад ингээд “далжиганаад” явж байна даа.
- Тийм ээ, та Олон улсын Алтай судлалын төвөөс хоёрхон монгол эрдэмтэнд Алтан медалиа хүртээсний нэг нь шүү дээ. Билгүүн номч Б.Ринчен гуайгаас 50 жилийн дараа тэр хүндтэй, бахархалтай шагналыг авсан. Ри багшийн тань талаар танаас сонирхохгүй байхын аргагүй юм даа?
-Юм их учиртай.
1965 онд Ри багш бид Увс, Ховдын хязгаарт явж байсан юм. Ринчен гуай Алтай
судлалын медаль аваад их баярласан юм байна билээ. Бид олуул явсан л даа. Багш
нь эх орондоо Алтай судлалын Алтан медалийг аваад ирлээ шүү дээ /хоолой
зангирлаа/. Алтай судлал, Алтан медаль гэдгийг ч мэдэх юм байхгүй, Баяр хүргэе
багшдаа гэж олигтой хэлсэн хүн ч байхгүй, өнгөрдөг юм байна. Яг 50 жилийн дараа
Монгол Улсын ШУА-ийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа тараана гэж үзлээ шүү
дээ. Яг тийм үед тэр медалийг надад хүртээсэн юм. Германаас хүн ирж гардуулсан.
Тэгээд би түүн дээр “Манай засаг төр шинжлэх ухаанаа бутаргана, тараана, сарниулна гэж байгаа бол, олон улсын хэмжээнд өргөж байна, дэмжиж байна” нэг хэлсэн л дээ. Түүнийг минь хэдэн том сонинд, их ч томоор гаргасан. Тэгээд манай академийнхнаасаа Цэрэнсодном гуай хүрээлэнгээ цээжээрээ хамгааллаа гэдэг үгээр шагнуулаад дууссан /инээв/.
-Ри багшдаа үнэнч үлдсэн сайхан түүх байна. Тэр их хүнд үед хэдэн хүн дэргэд нь бат зогсож байсан бол гэж бодогдмоор амьдралыг туулсан хүн шүү дээ. Ри багшийнхаа ямар зан чанарт та татагддаг байсан бэ?
-Б.Ринчен гуай
ерөөс ил үгтэй, хэлсэн үг нь насан туршид мартагдахааргүй лоржоонтой гэх үү
дээ. Жишээлбэл, бид цуг явж байгаад нэг замын гуанзанд хоол идлээ. Жигтэйхэн
шорвог хоол байсан юм. Багш хөөрхий сахрын өвчтэй учраас давс ихтэй хоол, цай
идэж болохгүй шүү дээ. Тэгээд би Ри багшид “Багш аа, давс нь ер нь хэтэрхий
чанга байна” гэлээ. Багш “Харин тийм байна аа. Энэ насандаа байтугай ирэх
насандаа илжрэхээргүй боллоо” гэж байж билээ.
-Ри багштайгаа
хэрхэн багш шавийн барилдлагатай болж байв?
-Б.Ринчен гуайтай
бол эхэндээ би ажил төрлийн шугамаар холбогдсон. Тэгэхдээ багш минь гэлгүй яах
вэ. Ш.Лувсанвандан бол миний их сургуулийн багш. Оюутан байхдаа хэдэн жил
лекцийг нь сонссон багш маань юм. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуай 2-оос би
лекц сонсож байгаагүй.
-Монголын
судлалын тулгын 3 чулуу шиг 3 том хүнтэй нэгэн цаг үед амьдарч, ажиллана гэдэг
их сайхан хувь заяа юм даа...
-Их сонин шүү. Намайг
Турфаны судалгаагаараа нээлтийн чанартай юм хийчихлээ гээд гурван багш маань
гурвуулаа миний тэр ажлыг барьж гүйсэн шүү. Б.Ринчен гуай Роберт Амоёнд захиа
бичиж миний юмыг явуулж францаар хэвлүүлсэн. Ш.Лувсанвандан багш Унгар луу авч
явж хэвлүүлнэ гэсэн. Хар Дорж /Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Дъёрд/ эд нар
учрыг нь олоогүй байна, нууцаа задалчихна гээд аваад ирлээ гэж байж билээ. Ц.Дамдинсүрэн
багш 1963 онд Делид болсон олон улсын хуралд явуулъя гээд миний илтгэлийг
оросоор хамгийн сайн бичдэг Шагдарын Цэгмид гуайгаар орчуулуулаад явуулж байлаа
шүү дээ. Ингэж гурвуулаа зэрэг хөдөлсөн юм. Өнөөгийн бид бол тэгж чадахгүй
байна л даа.
-Өнгөрсөн
зууны эхээр БНХАУ-ын Турфан хотоос олон тооны монгол, төвөд, самгард ном судар
бичиг баримт олж, Берлин хотноо аваачсан. Турфаны цуглуулга хэмээн нэрлэгдсэн,
тэдгээр цуглуулгын судалгаа бол үнэхээр таны нэрээр нэрлэгдэж, цоллогдож явах
юм даа...
-Тийм, Турфан бол
яах аргагүй намайг олон улсын хэмжээнд нэрд гаргасан л даа. Турфаны цуглуулгын
олон улсын хэмжээнд ийм том дорвитой ажил ерөөсөө өөр гаднын хүмүүсээс ч байхгүй.
“Турфаны цуглуулгын монгол бичгийн дурсгал” гэх энэ бүтээл бол миний 2 жил
Германд сууж хийсэн ажил. Тайлбар зүүлт, ямар номын тасархай вэ гэдгийг нь
оноож тогтоохын тулд судалж судалж тэр номын тасархай байна аа гээд тэрэнтэй нь
онолдуулаад нэлээн олон дурсгалыг тогтоосон юм. Өөр тийм ажил бараг ховор доо. Бидний
хувьд, энэ бол олон улсын түвшинд нэр далласан ажил л даа. Энэ “жаахан”
Монголын цөөхөн ард түмний дотроос бол
Дамдинсүрэн багшийн авчирч өгсөн ном, анхны галыг асаасан байхгүй юу.
-Турфаны
цуглуулга дахь урагдаж гэмтсэн хэсэг бусаг хуудсуудыг уншиж ямар зохиол болохыг
тогтоох нь монголч эрдэмтдийн авьяас мэдлэг шаардсан асар том ажил байсан гэдэг.
Хамгийн анх Ц.Дамдинсүрэн гуай Германы номын санд хэсэгхэн суухдаа л нэгэн
хуудасны тасархайг уншиж, нэгэн хаан мөнхийн ус уухаар явсан тухай монгол үлгэр
байна гэж мэдээлсэн байдаг шүү дээ...?
-Тийм ээ, багш
маань их юм үзсэн, уншсан учраас жаахан жаахан юмны хоёр гурван хуудас олоход л
“Өө энэ чинь тэр номын хэсэг явж байна” гээд тогтоочих тийм туршлага, мэдлэгтэй
байна гэсэн үг л дээ. Энэ толгой сайн ажиллаж байна бас. Энэ бол тэр хүний агуу
чанар л даа.
Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын салбар хуралдаан дээр үг хэлж байгаа нь
-“Монголын
нууц товчоон”-ыг унших бүрий ухааруулдаг, үзэх бүрий шинэ содон зүйлийг хүнд
ойлгуулж өгдөг үлэмжийн гайхамшигт бүтээл. Монголын нууц товчооны сонгомол
эхийг хэрхэн гаргасан бэ?
- Н.Багабанди
Ерөнхийлөгч, Намбарын Энхбаяр Ерөнхий сайд байсан 2004, 2005 оны үе л дээ. Намайг дууддаг юм байна. Очиход Ч.Далай, Т.Дашцэдэн
багш гээд 2-3 хүн сууж байв. Хөдөлмөрчдөөс сайхан санал гарч ирээд байна. “Монголын
нууц товчоон”-оос хосгүй нандин нэг сайхан эх бэлдээд Төрийн ордондоо залъя гэж
байна. Тэрний далимд бас Нууц товчоогоо ямар эхийг нь олон түмэнд хүргэх вэ,
хэн хэн судалсан, хэн хэн буулгасан, таны саналыг сонсъё гээд Н.Багабанди Ерөнхийлөгч
надад тулгачихлаа. Тэгээд би хэллээ. “Монголын нууц товчоо”-г эхлээд Цэнд гүн
гэж хүн буулгасан, дараа нь миний багш Цэндийн Дамдинсүрэн буулгасан, дараа нь
миний багш Мятавын Гаадамба буулгасан. Тэгэхдээ би бол тэрийг нь зал, тэрийг нь
боль гэж хэлэх бэлтгэл алга гэлээ. Тэгэхээр яавал дээр вэ гэж асууж байна.
Тэгэхээр нь үүлэн чөлөөний нар шиг энэ
сайхан цагт нууц товчооны судлал бол дэлхий дахинд асар их хөгжлөө, асар олон
тооны сайн бүтээл гарлаа. Авах гээхийн ёсоор энэ бүхнийг ашиглаад одоо цагийн монгол
эрдэмтдийн оюун ухааны чадал тамир суусан шинэ бүтээл гаргавал хэрэгтэй биш үү
л гэлээ.
Н.Энхбаяр таны
Бээжинд хэвлүүлсэн нэг эх байгаа байх аа гэж байна. Бий нь ч бий гээд л би
орхичихлоо. Тэгээд Н.Багабанди Ерөнхийлөгч Төрийн ордонд Нууц товчооны жинхэнэ
эхийг баримталсан хосгүй нандин нэг эхийг бүтээсүгэй хэмээн зарлиг гаргасан
байдаг юм. “Олон түмэнд айл бүхэн дээдлэн залахаар, гэр гэрт хүргэхээр Монголын
нууц товчооны шинэ эхийг бэлдсүгэй. Энэ ажлын даргаар нь Цанжидыг томилсугай.
Дэд даргаар нь Д.Цэрэнсодномыг томилсугай” гэж. Тэгээд л “Чи хий” гээд над дээр
буухгүй юу.
Тэгээд би ШУА-д
хэлээд, одоогийн Геоэкологийн хүрээлэнд Усны аж ахуйн яамны тэнд нүүж очиж
долоо, найман хүний бүрэлдэхүүнтэй Т.Дашцэдэн багш, Ш.Чоймоо, Д.Төмөртогоо,
Дожоогийн Цэдэв, Ш.Бира гуай, би гээд
ийм нэг комисс гарч МНТ-ны сонгомол эх гэдгийг гаргасан юм.
-Та хэд маань
МНТ-ны яг ямар эхийг тэр үед голлосон бэ?
-Ерөнхийдөө бол,
миний эхийг үндсэндээ баримталсан. Авах гээхийн ухаанаар авахыг нь аваад, тэгэхдээ
бидний хийсэн зарчим бол “Монголын нууц товчоон”-д нэг үг нэмэхгүй, бас нэг
үгийг нь ч хасахгүй, утгыг нь гуйвуулахгүй,
жирийн хүн хэнд ч ойлгомжтой байх зарчмаар хийе гэж ажилласан. Тэр ажил
бол Н.Багабанди Ерөнхийлөгчийн ач гавьяа мөн. Гэхдээ цаад эзэн нь толгойд нь
дандаа шинэ санаа буцалж явдаг Дэндэвийн Пүрэвдорж гэсэн хүн байсан юм.
Д.Пүрэвдорж Нууц товчоо нэртэй сургууль хүртэл байгуулж байсан шүү дээ.
-“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” ШИГ ТУЛХТАЙ
ТӨРИЙН ДОТООД ШАСТИР ОЛОН УЛСАД Ч ХОВОР-
-Монголын
нууц товчоог дэлхий дахин хэчнээн зуун жил судалж байна вэ?
-Энэ харьцангуй
ойлголт л доо. Мин улсын үед Нууц товчоог хятадаар галиглаад транскрипц хийнэ гэдэг чинь судалгааны ажил аль хэдийн эхэлчихсэн
гэсэн үг л дээ. Түүгээр тооцох юм бол 600, 700 жил болж байна гэж ойлгож болно.
- Таны багш
бол Монголын нууц товчоог айл өрх бүрд таниулж чадсан гавьяатан. МНТ-г дэлхий
дахинд ч, Монголд ч судлаад л байна. Судалж барахгүй байгаа шалтгаан нь юу байдаг
юм бол?
-Аливаа юманд цэг
тавьчихаж болох нь болно л доо. Гэлээ гэхдээ амьдрал баян. Тэр амьдралын алтан
сор болсон монголчуудын үгийн урлагийн дээд охь. Ер нь олон улсын хэмжээнд ийм
тулхтай төрийн дотоод шастир ховор байдаг байхгүй юу. Ер нь үгийг нь ухах тутам,
уудлах тутам улам цаашаа судлаад л баймаар болоод байдаг. Энэ бол энэ зохиолынх
нь нөлөө, туурвил зүйн асар өндөр түвшинд хийсэн гэдэг нь тодорхой юм. Нэг
үгээр хэлбэл, өөрийнхөө хүчин чадлаар монголчуудын зохиол бүтээлийг дэлхийн
хэмжээнд хүргэсэн зохиол юм.
Хүн бүхэн хүлцэхээр, хүн бүхэн шүтэхээр, хүн бүхэн шамдахаар ийм бүтээл мөнөөс мөн л дөө.
Тийм учраас “Монголын нууц
товчоон”-ы
судалгаа бол тэгж амархан цэг тавьчихаж болохгүй байх шиг байгаа юм.
Зүүн гар талаас: БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрдэмтэн Ренчиндорж, ХБНГУ-ын эрдэмтэн Вироника Файт, Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Д.Цэрэнсодном, БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрдэмтэн Буянхишиг
-МНТ-ны
сонгомол эхийг гаргачихлаа, үнэхээр
сайхан хэрэг. МНТ-нд “магнай дундаа ганц нүдтэй, шагайн чинээ нөж атган төрөв,
гурван нүүрид газар харах бүлээ” гэхчлэн олон сонин хэллэг бий. Орчин үеийн
шинжлэх ухаанаар тайлахад ч бэрхтэй. Тэр бүхнийг тайлах боломж бий юу?
-Энэ ойлголтуудыг ухаж ухаарахад цээжний пангаар, өөрийнхөө бодлоор, өөрийнхөө таамгаар, хөнгөн шийдэж болохгүй юм. Жишээлбэл, “Монголын нууц товчоон”-ы жинхэнэ эх дээр бол гурван нэүрид газар гэж байгаа шүү дээ. Энэ ямар ойлголт вэ, Энэ нь миний бодлоор байлдах гэж байгаа 2 тал “Өнөөдөр орой боллоо, нар жаргах нь ээ, маргааш өглөө байлдъя аа” гээд 2 талын хэлэлцээрийн хүн нүүр нүүрээ харж зогсож байгаа тэр газрыг хэлж байгаа болов уу. Тэр нь хэдий газар байдаг юм гэвэл суманд оногдохгүй буюу сум арай очоод хүрчихгүй газар. Тэгэхлээр сум хүрэхээргүй ийм 3 нүүр газар гэсэн утгатай юм шиг байгаа юм.
-Чингис хааны дүү
хавт Хасарын хүү Есүнгэ мэргэний гэрэлт хөшөөнд 335 алд газар харвасан тухай өгүүлдэг. Тэгэхээр түүгээр тооцвол “гурван нэүрид” гэдэг бол мянган алд газар гэж үзэж болох уу?
-Нэлээд хол гэсэн үг.
-
Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд та сонин гаргалгаа гаргасан байна билээ...?
-Монголчууд
Чингис хааныхаа төрсөн өдрийг буруу яваад байгаа шүү дээ. 1262 биш 1255 юм. “Алтан товч”-ид Бөртэ үжин нохой жилтэй гэж тэмдэглэсэн байдаг. Нэг насаар дүү юм бол Тэмүжин
гахай жилтэй байж таарна. Тэгэхээр гахай жилтэй хүнийг яагаад морин жилтэй болгочхов гэж бодохоор шүү дээ.
-Тийм ээ, яг
яагаад?
-17
дугаар зууны үед Ламын гэгээний үрийн зурхай орж ирсэн юм. Бөртэ үжин, Тэмүжин хоёрыг хүчээр насыг нь холдуулж, ивээл жилтэй болгочихсон шиг байгаа юм.
Бөрт нохой жилтэй байсан бол Чингис хаан гахай жилтэй л байж таарна. Ингэж хүчиндэж судалгаа хийж болохгүй шүү дээ. Энэ бол монголчуудын оюуны ядуурал. Дэлхийн бусад сурвалжууд ч үүнийг зөвшөөрөн хүлээж байгаа. Авах гээхийн ухаан гэж агуу том юм байна.
Монгол хүн гахай жилтэй биш,
хийморьтойгоор нь морьтой байх ёстой гэсэн хийрхэл, сагсуурал, дэмийрэл байхгүй
юу. Үүнийг цаанааас нь өдөөсөн юм бол Хятадын тал. Хятадууд 73 хүрээгүй хааныг
ямар хаан гэдэг юм гэж ярьдаг юм шүү дээ. Чингисийг аль болох эрт тэнгэрт
хальсан болгох гэсэн Хятадын бодолтой нийцүүлчихсэн байхгүй юу. Юм мэдэхгүй,
тэнэг, хөөргөн талаараа ингэж ашиглагдаад байгаа юм л даа.
-Яваандаа
энэ бүхэн засагдана гэж та боддог уу?
-Бодолгүй яах вэ. Хэрэв
би Чингисийнхээ тухай худлаа
хэлсэн бол намайг эргүүлж дуудаад л
явуулчих байлгүй дээ. Байлгаад
байгааг нь бодоход бас ортой юм хэлээд байгаагийнх болов уу гэж боддог юм.
- Уламжлалт
анагаах ухааны сургууль, судлалын төвүүд нэг үеийг бодвол олширчээ. Та харин
ямархан хувь тохиолоор энэ салбар руу орчхов, бас л учиртай болов уу?
-1990-ээд оны үед төр эргээд хэлж болдоггүй үгээ хэлдэг, хийж болдоггүй юмаа хийж болдог сайхан цаг ирлээ гэж монголчууд хөлтэй нь хөлхөж хөлгүй мөлхөж эхэлсэн. Н.Содном багш Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч болчхоод намайг түшиж ажиллах хүсэлтэй байсан шиг байгаа юм, байн байн даалгавар өгнө л дөө.
Нэг өдөр “Цэрэнсодном оо, энэ монголчууд бурхны шашны номыг өөрийнхөө мэддэг, өөрийнхөө хэлээр уншиж болдоггүй юм уу? Тэгэж уншиж байсан түүх байна уу” гэж асууж билээ. Би тэгэхэд нь “Байлгүй яах вэ. 14 дүгээр зууны эхэн үед Чойжи-Одсэр бандида зуугаад жил монголоор уншуулсан юм. Түүн дотор Бурхан багшийн магтаал цадиг юмнууд чинь монгол хэлээрээ, судар нь ч байна судалгаа нь ч байна гэлээ дээ.
Тэгсэн чинь нэг мэдсэн, бурхны шашны зохиолыг монгол хэлээр уншуулъя гэцгээх боллоо. За тэгээд, хийд мийд ч байгуулах юм уу, лам нь юм уу хамба нь ч юм уу надаар болгох юм болоод ирлээ. За, лам ч бай, юу ч бай тэр бол миний хийдэг ажил биш.
Би хийсэн юмыг нь судалдаг
хүн болохоос тэрийг олон түмэнд сурталчилж ярьж явдаг хүн биш. Энэ ч одоо миний
идэх боорцог биш гэж бодлоо.
Тэгээд бодож бодож
энэ буддын шашны Их 5 ухаан, Бага 5 ухаан нийт 10 ухаан гэж байдаг юм. Энэ
дотроос хүний амьдрал хүний өдөр тутмын үйл ажиллагаа хамгийн ойр зүйл нь
анагаах ухаан юм. Ингээд би анагаах ухааны музей байгуулах гээд л 1990 хэдэн
оноос 2005 он хүртэл арваад жил хөөцөлдөөд, одоо босгочхоод байгаа нь энэ л
дээ. Тэгээд энэ завсар би бас анагаахын ганц нэг ном бичсэн. Би өөрөө анагаах
ухааны үндсэн мэргэжлийн хүн биш, болохлоор түших тулах, хань татах мэргэжлийн
хүн хэрэгтэй. Тийм учраас академийн Шаравын Болдтой хамтарч ганц, хоёр ном
бичсэн. Ингэж анагаах ухаан руу орсон учир минь энэ.
За одоо ингээд дуусгая, Төв хороон дээр хуралтай, юм үнэртэж магадгүй, явъя даа /шоглож хэлэв болтой/.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Дуутын хад
буюу Цогтын хадны бичээсийн дэргэд
-2025 онд хос
бичигтэй болох нь байна шүү дээ. Энэ тухайд таны бодол...
-Үүн дээр бол эрхбиш арай зүгээр суугаагүй байх аа. Би Хэлний бодлогын үндэсний зөвлөлийнхөнд монгол бичгээр ном бүтээл гаргах хэрэгтэй гэж зөвлөдөг юм. Жаахан жаахан ажил явж байна. Хэвлэлийн газруудад эх бэлддэг хөрвөх чадвартай валют гэдэг шиг хэдэн сайн хүн хэрэгтэй байна.
-Энэ зорилтоо
ухраачих вий гэж санаа зовних хүн цөөнгүй байх шиг?
-Одоо юм чөлөөтэй ил тод ярьж хэлж болдог, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болдог ийм цаг учраас тийм байдалд хүргэхгүйн тулд бид наана нь шахах хэрэгтэй. Монголчууд ч ер нь зарим юманд бол нэлээн шахуулж байж хөдөлнө шүү.