Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг Украин улсад хориглосон байсныг Ерөнхийлөгч Жо Байден цуцалсан тухай Ройтерс агентлаг энэ талаар мэдээлэл бүхий гурван эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөхөөс хоёр сарын өмнө гаргасан энэхүү шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн зэвсгээр Оросын цэргийн байгууламжуудад цохилт өгөхийг зөвшөөрөх хүсэлтийг олон сар тавьсны дараа гаргаж байна.
Умард Солонгосын цэргүүдийг ОХУ-д байрлуулж байгаа энэ үед Америкийн эрх баригчид бодлогоо өөрчиллөө. Эхний цохилтыг 306 км-ийн тусгалтай ATACMS пуужингаар өгөх төлөвтэй байна.
Д.Трамп үүрэгт ажилдаа орсныхоо дараа энэ шийдвэрийг цуцлах эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр Украинд үзүүлж буй Америкийн тусламжийн цар хүрээг шүүмжилсээр ирсэн бөгөөд дайныг хурдан дуусгана гэж амлаж байсан ч хэрхэн дуусгахаар төлөвлөж байгаагаа тодорхой дурдаагүй юм. Гэсэн ч Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүн АНУ-ын зэвсгийг хэрэглэхэд тавьсан хязгаарлалтыг сулруулахыг Ж.Байденд уриалж байв.
"Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид зохих арга хэмжээ авах зөвшөөрөл авсан гэж бичиж байна. Гэхдээ цохилтыг үгээр хийдэггүй. Ийм зүйлийг зарладаггүй" гэж В.Зеленский хэлсэн байна. Харин Цагаан ордон болон Төрийн департамент тайлбар өгөхөөс татгалзжээ.
Америкийн алсын зайн тусгалтай пуужингаар Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн Вашингтоны шийдвэр нь Дэлхийн III дайн дэгдэхэд хүргэж болзошгүй бөгөөд хариу арга хэмжээг шуурхай авах болно гэж Оросын парламентын дээд танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Владимир Жабаров мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилсан байна.