Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг энэ сарын 26-нд тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг энэ сарын 26-нд орон даяар тэмдэглэнэ.
УИХ-ын 2023 оны 64 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан. Уг тогтоолд Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан юм. Энэ хүрээнд УИХ хүндэтгэлийн хуралдаан хийж, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулах юм.
Мөн их дээд сургуулийн
оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт
хичээл, “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм
шинжилгээний хурал, үзэсгэлэн, хүчит бөхийн барилдаан болон
төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулах аж.