УИХ-аас баталж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-19 15:57:38

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг УИХ-ын Тамгын газар, Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-аас баталж буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг зөв тодорхойлох зорилгоор “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Улмаар УИХ-ын гишүүдээс санал авсны үндсэн дээр холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үнэлэх, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх үүрэг бүхий 54 ажлын хэсэг байгуулсанаас 15 нь УИХ-ын хяналтын чиг үүрэгтэй холбоотой юм. Мөн саяхан баталсан УИХ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд УИХ хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд нэн тэргүүнд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга шаардлагыг тавина хэмээн заасан. Үүнээс гадна хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих байнгын тогтолцоог бэхжүүлж, үр нөлөөг тогтмол судлан, түүнд үндэслэн хуулийг чанаржуулахаар тусгасан” болохыг хэллээ.


УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “УИХ олон тооны хууль баталж байгаа ч тэдгээр хууль хэрэгжиж байна уу гэдэгт хяналт тавихгүй бол сонголттойгоор хэрэгжээд байна. УИХ-д өргөн барьж буй, батлуулж буй хуулиуд нь төрийн бүтцийг данхайлгасан, эрхийг мэдлийг нь нэмэгдүүлсэн шинжтэй байна. Өмнөх парламент Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хуулийг тус тус баталсан. Энэ мэт олон хуулийг баталсан хэдий ч холбогдох журмыг өнөөг хүртэл батлаагүй байна. Эсвэл тухайн хуулийг хэрэгжүүллээ гэхэд зөвхөн бүтэц, орон тоог нэмэх зүйл заалтыг хэрэгжүүлээд байна гэсэн шүүмжлэл нийгэмд гарсаар байна. Тиймээс УИХ баталж буй хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байя. Мөн иргэд, олон нийтээс судалгаа авч, хяналт тавьдаг байя гэсэн чиглэлтэй ажиллаж байна” хэмээв.

 УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “УИХ-ын үйл ажиллагааны чиглэл нь нэгдүгээрт хууль, бодлого шийдвэр гаргах, хоёрдугаарт гаргасан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг дүгнэж авч үзэх явдал юм. Өмнөх парламентын хугацаанд 7 удаагийн хяналт шалгалтын түр хороог байгуулж, Хөгжлийн банкны, ногоон автобусны, эмийн зэрэг сонсголыг зохион байгууллаа. Мөн өнгөрсөн хугацаанд 19 хуульд иж бүрэн үнэлэлт дүгнэлт хийлээ. Энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар холбогдох тайланг парламент нээлттэйгээр авч хэлэлцээд, хэрэгжихгүй байгаа зүйл заалтуудад зөвлөмж хүргүүлдэг тогтолцоог бий болгоод буй. Энэ мэтээр парламентын хяналтыг алхам алхмаар урагшилж ирлээ. Иргэдийн хувьд Үндсэн хуульд заасны дагуу төрийг удирдах үйл хэрэгт нэгдүгээрт шууд оролцох эрхтэй. Хоёрдугаарт сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулж оролцдог. Шууд оролцооны олон хэлбэрүүд дотроос парламентын үйл ажиллагаанд иргэд цахимаар оролцох боломжийг өмнөх парламентын хугацаанд бүрдүүлсэн” гэсэн юм. 


Чуулга уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаарх танилцуулгыг хийж, “УИХ-ын хяналтын тогтолцоо ба эрх зүйн зохицуулалт”, “Парламентын хяналтын эрх мэдэл-хүний эрхийн хяналт”, “Олон нийтийн хяналт ба сонгодог парламентын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх боломж шийдэл” сэдэвт илтгэлийг тавьж хэлэлцүүллээ. Товчдоо бол, уг уулзалтаар парламентын хяналтын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах арга замын талаар хэлэлцэв.  

 

Холбоотой мэдээ