Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-20 12:51:06

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн ирэх оны Төсвийн тухай хууль, түүнтэй хамтатган өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээллээ.

 

Улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа тул юуны түрүүнд ирэх оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзсэн байна. Үүний зэрэгцээ гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээжээ.


Түүнчлэн УИХ-аас ирэх оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Тус тогтоолд төсвийн тодотголыг ирэх сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. Ерөнхийлөгч хориг тавьсан үндсэн шалтгааны нэг нь дээрх тогтоол болж байна. Учир нь тухайн төсвийн жилд улсын орлого буурч, зарлага нэмэгдсэн, батлагдсан төсөл хөтөлбөрийн өртөгт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн зэрэг холбогдох үндэслэлийг баримталж төсвийг тодотгодог. Уг үндэслэл бүрдээгүй байхад энэхүү тогтоолыг баталсан нь хууль дээдлэх зарчмыг зөрчсөн явдал болсон гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нэмэлт тайлбар хийв. Үүний зэрэгцээ УИХ хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал болохыг хэлсэн юм.


Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдээс хоригийг хэсэгчлэн тавих боломж байсан эсэхийг тодрууллаа.


Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлэхдээ, “Монгол Улс олж буй орлогоо зарцуулдаг үндсэн зарчим руу шилжих хэрэгтэй. Хувьсан өөрчлөгдөж буй гаднын нөхцөл байдалтай уялдуулж Монгол Улс илүү хамгаалалттай, илүү зарчимтай төсвийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн төсвийн бүх тоон үзүүлэлт өөр хоорондоо уялдаа холбоотой байдаг. Иймд УИХ, Засгийн газар орлого зарлагын бүхий л үзүүлэлт дээр зөв тохиргоо хийг гэх үүднээс төсөвт бүхэлд нь хориг тавьсан” гэлээ.  

Холбоотой мэдээ