Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-11-26 13:49:44

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв.


Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний ауюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.


Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа хүндэтгэлийн хуралдааныг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, дэлхийд суу алдараа бадраасан 2200 гаруй жилийн төрт ёсны уламжлалтай тусгаар Монгол Улс түүхийн ээдрээ нугачааны зурваст тусгаар байдлаа алдсан ч эх орныхоо цэц эрдэмт төрийн түшээд, эрэлхэг зоригт тэмцэгчдийн ач гавьяагаар тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхийг үеийн үед санаж энэ улсынхаа тусгаар тогтнол, ард түмэн засаглах ёсыг нандигдан хамгаалах ёстойг тодотгов. Өнөөдөр 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн утга агуулгыг орчин үеийн үндсэн хуулиудын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудтай харьцуулан жишихийг урьтал болголгүй, уг баримт бичгийн Монголын ард түмний бүрэн эрхт засаглал, үндэсний эрх зүйн тогтолцооны цогц байдлыг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон санах учиртайг онцлоод, Монгол Улс энэ 100 жилд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн гэдгийг тэмдэглэжээ. 


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн. Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт монголын ард түмэн гэдгийг онцлов. Манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс, үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг Төрийн тэргүүн ард түмэндээ хандан уриаллаа.  



Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-аас энэ сарын 21-ний өдөр  баталсан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай 43 дугаар тогтоолыг уншиж, танилцууллаа. Уг тогтоолд төрийн бүх байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулиа дээдлэн залах, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалахаар тусгасан байна. 


Мөн Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгаж, Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсан байлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын энэ тогтоол өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэхийг онцолсныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.


Холбоотой мэдээ