БУЛГАН: Эрт илрүүлэгт 26175 иргэнийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-28 11:32:42

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай Засаг дарга Д.Пүрэв-Очир, холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.


Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй 71 байгууллагыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг тус байгууллага 37 орон тоотойгоос 30 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.


"Булган аймгийн хэмжээнд 700 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн хангалт 90,2 хувьтай байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 26175 иргэнийг хамруулж, 318 иргэнийг онош тогтоох дээд шатлалын эмнэлэгт илгээжээ. Иргэдэд зонхилон тохиолдох өвчний шалтгаанаар хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлж байгаа бол удаах байруудад амьсгалын замын, зүрх судасны эмгэг, бэлгийн замын, арьсны өвчлөл орж байна" хэмээн ЭМГ-ын дарга П.Оюунцэцэг аймгийн удирдлагад танилцууллаа.

 

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ЭМГ-ын ажилтнуудад хандан "Дутагдалтай байгаа хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллах нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллах. Мөн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, өнөөдрийн гаргасан ололттой талыг бататгаж, улс, аймгийн дунджаас өндөр гарсан үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж бууруулахад анхаарч ажиллаарай" хэмээн хэллээ.






Холбоотой мэдээ