ДОРНОД: Эмийн ургамалч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-11-28 17:01:50

Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол орон бол эмийн ургамлаар баялаг. Нийт 3200 орчим ургамал байдгаас 800-гаад нь эмийн ургамал юм.


Дорнод аймгийн Баяндун сумын ахмад настан Г.Энхбат дөч гаруй жил эмийн ургамал түүж хатаан өөрийн үр хүүхэд, нутгийн зон олондоо хэрэглүүлж хэвшжээ. Түүнийг хөрш зэргэлдээ буриад сумынхан ч андахгүй.



Тэрээр бага наснаасаа нагац ээжийгээ даган эмийн ургамал түүж сурснаар энэхүү эрдэм чадлыг өвлөн авч, хорин нас хүрмэгцээ бие даан түүж, үр хүүхэддээ хэрэглүүлж иржээ. Г.Энхбат гуай эмийн ургамал бэлтгэдэг том явган ширээн дээрээ алтанзул, булцуут шар цэцэг, гишүүнэ, үрэл, мойл гээд 50 гаруй нэр төрлийн эмийн ургамал дэлгэн тавьсан нь эрхгүй нүд булаан сонирхол татна.


Тухайлбал, Алтанзул цэцгийг Сэржмядаг хэмээн нэрлэх нь ч бий. Эмэгтэйчүүдэд тун тустай гэгддэг энэ ургамал өндөрлөг газрын хуурай, хээрийн чулуурхаг хажуу, элсэрхэг хормой даган ургадаг. Навч нь шугаман хэлбэртэй, навчныхаа сугаас гарсан ганц цэцэгтэй, сонгинолог булцуутай, маш ховор ургамал юм. Харин булцуут цэцэг нь 28 төрлийн амин дэм агуулдаг бөгөөд ийм өргөн баялаг найрлагатай ургамал тун ховор гэнэ. Тиймээс энэ ургамлыг чихрийн шижин өвчинд сайн хэмээн эрт үеэс өнөөг хүртэл хэрэглэсээр иржээ. Энэ мэтчилэн ханиад томуу, шингэн алдах, цус шингэлэх, үрэвсэл, шамбарамд сайнаар нөлөөлөх ургамлууд ч бий.  


Амьдралынхаа он жилүүдийг энэ үйлсэд зориулсан тэрээр “Олдохоо больсон эмийн ургамал одоогоор алга. Ер нь гадаадад үйлдвэрлэсэн ургамлын цай, эмийн ургамал хэмээн хошуурахын оронд эх орныхоо хөрс, цаг агаарт ургасан эмийн ургамлыг зөв хэрэглэж сурвал монгол хүнд илүү зохимжтой” гэж ярина лээ.


Г.Энхбат зуны улиралд өдөр судар, цаг нар харж, хангай дэлхийдээ тахил өргөн үр жимсийг нь гуйснаар эмийн ургамлаа түүдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд ач зээ нараа дагуулан эмийн ургамал түүх явцдаа ашиг тусыг нь тайлбарлан өгч, өвлүүлэн уламжлуулж байна. 


Холбоотой мэдээ