Анч нохойн зураг 2.5 сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /CNN/. Их Британийн нэрт зураач Жорж Стаббсын нэгэн бүтээлийг 50 гаруй жилийн дараа буюу ирэх долоо хоногт Лондон хотноо үнэ хаялцуулах үеэр 2 сая фунт стерлинг буюу 2.5 сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.
Испанийн пойнтер үүлдрийн анч нохойг дүрсэлсэн 18 дугаар зууны үеийн энэхүү бүтээлийг хамгийн сүүлд 1972 онд дуудлага худалдаанд оруулж байжээ. “Sotheby's” ордны мэдээлснээр, тухайн үед 30 мянган фунт стерлинг /37 700 ам.доллар/ зарагдсан байна. Харин анх 1802 онд үнэ
хаялцуулах үеэр ердөө 11 фунт стерлингээр /14 ам.доллар/ зарагдсан гэнэ.
“Испанийн анч нохой” нэртэй бүтээл бол зураачийн хамгийн анхны нохойн зураг бөгөөд түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэгд тооцогддог гэж “Sotheby's” мэдээлжээ. Тус ордны Британийн уран зургийн мэргэжилтэн Жулиан Гаскойн хэлэхдээ, ийм чанартай бүтээл олны нүднээс далд байж байгаад дахин гарч ирэх нь үргэлж сэтгэл хөдөлгөм байдаг гээд, энэ зураг олон арван жилийн турш хувийн цуглуулгад хадгалагдаж байгааг дурдлаа.
Уг зургийг олон
нийтэд ганцхан удаа буюу 1948 онд Лондоны “National Gallery of Sports and
Pastimes” галерейд дэлгэжээ. Ж.Стаббс уг бүтээлийг яг хэзээ зурсан
нь тодорхойгүй боловч Ж.Гаскойн үүнийг 1766 онд туурвисан гэж үздэг бөгөөд энэ нь зураачийн
хувьд ихээхэн үр бүтээлтэй
жил байжээ.
Ж.Стаббс “Испанийн анч нохой” зургийн хоёр хувилбарыг бүтээснээс гадна хэд хэдэн хуулбарыг зурсан байна. Ландшафтын бага зэргийн ялгааг эс тооцвол
зургийн хоёр хувилбар ерөнхийдөө
адилхан бөгөөд нөгөө хувилбар
нь Мюнхен дэх “Neue
Pinakothek” музейн цуглуулгад
бий.
18 дугаар
зууны эхээр Испаниас Англид нутагшуулсан пойнтер нохой нь дуулгавартай
байдал, ан хийх чадвараараа алдартай байжээ. Ж.Стаббс
анатомийн чиглэлээр суралцаж байсан нь амьтдыг зурахад ихээхэн дөхөм болжээ. Тэрбээр зураачийн замналдаа 400 орчим зураг зурснаас амьтад, ялангуяа морины зургууд нь алдартай юм.
Ж.Стаббсын “Whistlejacket” хэмээх хурдан морины зураг Лондоны Үндэсний галерейд үзэгчдийн хүртээл болж буйгаас гадна түүний бүтээлүүд “Tate Britain” музейн Их Британийн түүхэн урлагийн цуглуулгад хадгалагдаж байна. “Испанийн анч нохой” бүтээлийг ирэх 12 дугаар сарын эхэн хүртэл “Sotheby’s”-ийн үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх ажээ.