Алеппо хотын тал хэсгийг босогчид эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-30 16:47:17

ДАМАСК, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /ВВС/. Сирийн босогчдын бүлэглэлүүд тус улсын хоёрдахь том хот болох Алеппогийн хэд хэдэн дүүргийг хяналтандаа авсан тухай Их Британийн мониторингийн бүлэг мэдээлжээ. Үүнийг мөн босогчид баталж байна.  


Өнөөдөр Сирийн эрх баригчид Алеппо хотын нисэх онгоцны буудал болон хот руу нэвтрэх замуудыг хаасан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн бол хотын төвд нэвтэрсэн тухайгаа Ерөнхийлөгч Б.Асадын армитай байлдаж буй босогчдын удирдлага мэдэгджээ. 2016 онд Орос, Ираны дэмжлэгтэйгээр Башар Асадын цэргүүд Алеппо хотыг босогчдоос эргүүлэн авснаас хойш анх удаа босогчид хот руу дайран орсон нь энэ юм.  


Лондонд төвтэй Сири дэх Хүний эрхийн байдлыг ажиглах төвийн /SOHR/ баталж байгаагаар, баасан гаргийн орой гэхэд босогчид Алеппо хотын нутаг дэвсгэрийн талаас дээш хувийг хянаж байжээ. Уг мэдээлэл батлагдахгүй байсан ч гэсэн энэ бол сүүлийн жилүүдэд босогчдын явуулсан хамгийн өргөн хүрээтэй давшилтын ажиллагаа юм.


“Хайят Тахрир аш-Шам” гэдэг бүлэглэлээр толгойлуулсан сөрөг хүчний байлдагчид лхагва гаргаас эхлэн засгийн газрын хяналтад байгаа районууд руу дайрсаар баасан гарагт Алеппо хотод хүрчээ. BBC агентлагийн ВВС Verify албаны сэтгүүлчдийн авсан дүрслэг бичлэгүүдийг үзвэл, тус хот дахь Дунд зууны үеийн цайзаас 7 км-ийн зайд орших нэгэн гудамжинд зэвсэглэсэн хүмүүс гүйлдэж буй нь харагдана.


Харин Сирийн армийн командлалын мэдээлснээр, Идлиб ба Алеппо мужууд дахь босогчдод эзлэгдээд байсан зарим байршлуудад засгийн газрын цэргүүд хяналтаа эргүүлэн тогтоож чадсан бөгөөд нэмэлт хүч Алеппо хотод хүрэлцэн ирж, босогчдыг шахан гаргаж байгаа ажээ.  SOHR байгууллагын мэдээлснээр, баасан гарагт Сирийн ба Оросын цэргийн нисэх онгоцууд Алеппо хот ба түүний ойр орчимд 23 удаа агаарын цохилт өгсөн байна.  

Холбоотой мэдээ