Талархлын баярын киноны тасалбарын борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-12-02 17:09:11

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /CNBC/. Дисней” компанийн Moana 2, “Юниверсал” студийн Wicked, Paramount” компанийн Gladiator II зэрэг кинонууд хамтдаа Талархлын баярын долоо хоногт 420 сая ам.долларын орлого олсноор түүхэн дээд амжилт тогтоожээ.


Мюзикл, баатарлаг драм, гэр бүлийн жанрт багтах эдгээр гурван кино зуны улирлын дараах нам гүм байдлыг эвдэж, киноны зах зээлийг сэргээх хамгийн таатай мөчид нээлтээ хийлээ” гэж Comscore фирмийн ахлах шинжээч Пол Дергарабедиан ярьсан байна.


Moana 2” хүүхэлдэйн киноны хувьд таван өдрийн хугацаанд 221 сая долларын орлого олсноор дээрх кинонуудыг тэргүүлсэн нь шинжээчдийн төсөөлж байснаас /100 сая доллар/ хавьгүй өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр 2019 оны Талархлын баярын үеэр 125 сая долларын орлого олж байсан Frozen II киног ардаа орхисон байна.


Мөн “Wicked” киноны баярын үеийн тасалбарын борлуулалт 117.5 сая орчим доллар байна гэж тооцоолж байсан бол 262.42 сая долларт хүрчээ. Ийнхүү дотоодын зах зээлээс бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон Бродвейн мюзиклээс сэдэвлэсэн бүтээл болжээ. Кинотеатруудаар гарч эхэлснээс 10 хоногийн дараах байдлаар энэ кино дэлхийн хэмжээнд 359.2 сая долларын орлого олсон байна.


Харин “Gladiator II Талархлын баярын үеэр 44 сая долларын орлого олжээ. Өнгөрсөн сард уг кино дэлхийн кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд дотоодын зах зээлд 111.2 сая долларын, гадаад зах зээлд 320 сая долларын тасалбар борлогдсон гэх тооцоо гараад байна.


Comscore-ийн мэдээлснээр, Талархлын баярын үеийн кассын орлого 2019 оноос хойш 200 сая доллараас хэтрээгүй байжээ. Түүнчлэн үүнээс өмнө ердөө ганцхан Талархлын баярын үеэр кассын орлого 300 сая доллароос давж байсан гэнэ. Өмнөх дээд амжилтыг 2018 онд “Ralph Breaks the Internet”, “Creed II”, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” кинонууд тогтоож байсан бөгөөд эдгээр кино нь 315 сая долларын орлого олж байжээ.



Холбоотой мэдээ