ӨМНӨГОВЬ: Хулан хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Байгаль орчны газар нь МУИС-ийн хөхтөн амьтан судалгааны баг, монгол орны хөхтөн судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байгаа
хулангийн тархац, популяцийн судалгааг эрдэмтэн, докторуудтай хамтран судалж тодорхой
ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Тус
судалгааны үр дүнд үндэслэн хулан хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулж, аймгийн нутаг дэвсгэрт байгаа хулангийн популяциудын шилжилт
хөдөлгөөн, коридор бүс нутаг, холбоос нутгууд зэрэг амьдрах боломжит, сэргээн
нутагшуулах газруудыг үнэлж тогтоох зорилготой.
Дэлхийн
хэмжээнд 81 мянган хулан байдаг бөгөөд монгол оронд 68 мянган хулан тархан байдаг. Монголд байгаа хулангийн 60-аас дээш хувь нь Өмнөговь аймгийн зүүн бүс нутгуудаар тархан амьдардаг.
Тиймээс хулан хамгаалах ажилд Өмнөговь аймаг манлайлан оролцох хэрэгтэй байгааг МУИС-ийн багш, доктор, профессор Д.Лхагвасүрэн онцоллоо.
Хуланг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, 2012 онд ховор амьтны жагсаалтад бүртгэжээ. Хууль бусаар агнавал 19.4 сая төгрөгийн торгуультай.