Я.Ариунболд: Манай улс 30 гаруй орноос ялтан шилжүүлж авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-19 21:39:41

Он гарсаар манай улсын 13 иргэн хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэлтэй холбогдуулж, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболдоос дараах тодруулгыг авлаа.

-Манай улсын хэдэн иргэн гадны улсад ял эдэлж байна вэ. Тэр дундаа хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хэдэн иргэн байна вэ?

-Одоогийн байдлаар 13 улсад 163 монгол иргэн ял эдэлж байна. Ял эдлэхээс гадна цагдаагийн байгууллагад саатуулагдаад байгаа 270 иргэн байна. Хар тамхины хэргээр 33 иргэн ял эдэлж байна. Хонконгод 6, Уйгар Шиньжянд 1, Бээжинд 4, Хөх хотод 17, Дунганд 3, Тяньжинд 1, Хэбэйд 1 иргэн ял эдэлж байна. Энэ онд хар тамхины хэрэгт ял эдэлж байсан нэг иргэнийг эх орондоо авчирлаа. Дахин нэг иргэнийг шилжүүлж авахаар ярилцаж байна. Ялтан шилжүүлж авахад хамгийн гол нь тухайн иргэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж өргөдөл гаргах ёстой. Үүний дараа тухайн улсын Дээд шүүх болон шоронгийн удирдах газар руу нь манай талаас асуудал тавьдаг. Ингээд хоёр талаас хэлэлцсэний үр дүнд ялтан шилжүүлж авдаг.

-Энэ онд хар тамхины хэрэгт 13 монгол иргэн холбогдсон гэсэн. Өмнөх онуудтай харьцуулвал энэ ямар үзүүлэлт вэ?

-2007 онд манай улсын нэг иргэн хар тамхины хэрэгт холбогдож байсан. Үүнтэй харьцуулахад хар тамхины хэрэгт холбогдож буй иргэдийн тоо өсч, мөн хэргийн хэлбэр ч өөрчлөгдөж байна.

Гэтэл гадны орнууд ийм төрлийн хэрэгт маш хатуу ял оноодог. Ялын дээд хэмжээ оноох  хүртэл тогтоож өгсөн байдаг.

Сүүлийн үед ӨМӨЗО-ны Шилийн гол, Баяннуур зэрэг аймагт хар тамхи тээвэрлэсэн, бага тунгаар хэрэглэсэн, биедээ авч явсан хэрэг гарлаа. Үүнээс үзэхэд манай иргэд тээвэрлэхээс гадна хэрэглэж үзэх явдал нэмэгдэх төлөвтэй байна.

-Одоогийн байдлаар манай улс хэдэн улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаад байна вэ?

-Манай улс 8 улстай ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулсан. Ер нь ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенци байдаг. Үүний гишүүн 27 улстай, гишүүн бус 19 улстай олон талт механизмыг ашиглан ялтан шилжүүлж авах нөхцөл бүрдсэн. Ингэхээр 30 гаруй улсаас ялтан шилжүүлж авах боломжтой.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулж асуухад танай яамны дэргэд байдаг иргэдэд туслах санд хэдэн төгрөг төсөвлөхөөр байна вэ. Ер нь сангийн төсөв хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Иргэдэд туслах сан нь тусдаа хуулиар зохицуулагддаг. Ер нь тэр жилдээ ямар шаардлага бий болсон байна гэдгээс асуудал хамаардаг. Голчлон нас барсан иргэний шарил чандрыг авчрахад мөнгө хөрөнгө зарцуулдаг. Өнгөрсөн 10 сарын хугацаанд хилийн чанадад 52 иргэн нас барсан. Журмаар бол нэн ядуу, орлогогүй өрхөд сангийн мөнгийг зарцуулах ёстой байдаг. Ер нь төсөв дундаж байдлаар батлагдаад явдаг.

-АСЕМ-ын үеэр зарим орны визний асуудлыг түдгэлзүүллээ гэсэн. Эргэж сэргээлээ гэсэн асуудал яригдаагүй. Үүнийг юу гэж ойлгох ёстой вэ?

-Манай улс 2013 онд дэлхийн 40 гаруй улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсад ирэх зочдын тоог нэмэгдүүлэх, үүгээр дамжуулан эдийн засгаа сэргээх зорилготой хоёр жилийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хугацаа дууссан тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11-ын 4-д туссанаар, "Хэрэв гадаад оронтой олон улсын гэрээ байгуулаагүй бол тухайн улсын иргэн виз авч орж ирнэ" гэсэн заалт эргэж үйлчилж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Б.Туул

Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ