Хөдөлмөрийн хяналттай уялдсан урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-04 15:07:11

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газар, ГБХНХЯ-наас ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж байгаа.


Бодлогын шинэчлэл танилцуулах хэлэлцүүлгийг төр, олон улсын байгууллага, нийгмийн түншлэгч талуудад НҮБ-тай хамтран зохион байгууллаа.


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хууль эрх зүйн орчны шинэчлэл, салбар дундын оролцоо, эрсдэлийг хянах асуудал чухал. Улсын хэмжээнд 2019-2023 онд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгджээ.

Энэ нь зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвд /ХАБЭМТ/ онош баталгаажсан тохиодлын тоо бөгөөд өгөгдөлд суурилсан аргачлалаар тооцвол бодит нас баралт хэд дахин их гарч буйг судлаачид танилцууллаа. Өөрөөр хэлбэл дээрх үзүүлэлт бүртгэл мэдээлэл хангалтгүйг хэлж байгаа юм.



2035 он гэхэд нийт ажиллах хүчний эрэлт 19.1 хувиар, ҮОМШӨ-ний өндөр эрсдэлтэй уул уурхай, олборлолтын салбарт 32.5, боловсруулах үйлдвэрт 63.3, барилгын салбарт 55.9 мянган хүнээр нэмэгдэх төлөвтэй. Үүнийг дагаад өвчлөл, осол гэмтлийн тоо өсөх эрсдэлтэй. Тиймээс бодлогын шинэчлэлийг эхлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотой боловсруулж, УИХ-ын ирэх оны хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Цаашид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, хөдөлмөрийн хяналттай уялдсан ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх дэд бүтцийг сайжруулах, цахим жилжилтийг хэрэгжүүлэхийг ГБХНХЯ мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ