Гукеш, Ли Дижэн нар тав дараалан хайнцлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТСИНГАПУР, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /ТАСС/. Даваа гарагт амарсан Хятадын шатарчин Дин Лижэн, Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу нар мягмар гарагт болсон дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолтын 7 дугаар өрөгт дахин хайнцлаа.
Эл өрөгт Гукеш цагаанаар тоглож, хоёр
шатарчин Ретигийн гарааг сонгож эн тэнцүү өрсөлдөж байсан
бол өргийн төгсгөлд Дин Лижэн санаачилгыг гартаа авч, хэд хэдэн удаа хүчтэй довтолсон байна. Гукеш амжилттай
хамгаалсаар 72 дахь нүүдэл дээр их мастерууд хайнцаж онооны харьцаа 3,5:3,5
боллоо.
Өчигдөр буюу лхагва гарагт болсон
8 дугаар өргийн тоглолт мөн л тэнцээгээр өндөрлөж, онооны харьцаа 4:4 болсон
байна. Гэхдээ хоёр их мастер
англи гарааг сонгож, Крамник-Шировын сөрөг довтолгоог ашигласнаар сонирхолтой ширүүн тоглолт боллоо. Хараар
тоглосон Гукеш тоглолтын эхэнд гэнэтийн хурц нүүдэл хийж, давуу байдалтай
болов. Гэвч түүнийгээ ашиглаж чадалгүй хэд хэдэн оновчгүй нүүдэл хийснээр байрлалын
давуу талаа алдсан бол Ли Дижэн хожих гэж хүчлээгүй тул тоглолт 51 дэх нүүдэл
дээр тэнцээгээр дуусав.
Өнөөдөр 17 цагаас 9 дэх өргийн
тоглолт эхэлнэ.
Хоёр их мастер нийт 14 өрөг
тоглох бөгөөд эхний 40 нүүдлийг хийхэд 120 минут, дараа нь 30 минут /нүүдэл
бүрийн дараа 30 секундийн нэмэлт хугацаа/ зарцуулах ёстой. Хэн нэг нь 14 дэх
өргөөс өмнө 7,5 оноо авсан тохиолдолд ялагчаар тодорно. Харин оноо тэнцэх аваас 12
дугаар сарын 13-нд тай-брейк буюу түргэн тоглолтоор аваргыг тодруулах юм.