БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотод 2160 айлын орон сууцны хороолол барих төслийг дэмжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод 2160 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөж байна.
Төслийг "Голден Эй Эн Ти" компани өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Мөн тус компанийн охин компани болох "Өлгий пауэр" компани 30 мВт-ын цахилгаан станц барина. Орон сууцны хорооллыг 640 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль, цэцэрлэгтэй байхаар төлөвлөх аж.
Аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын өчигдрийн хуралдаанаар дээрх төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн тогтоол батлав.
Цаашид орон сууцны хороолол, дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тооцоо судалгааны ажлуудыг хийх юм.