Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 47 тэрбум доллар шаардлагатай байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/67514fde4fadf.jpeg)
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /DW/. Цагаачид амьдарч буй 32 улс ба 9 бүс нутагт ирэх 2025 онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 47 тэрбум гаруй ам. долларын санхүүжилт шаардлагатай байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах, яаралтай тусламжийг зохицуулагч Том Флетчер Женев хотноо лхагва гарагт мэдэгдлээ.
Түүний хэлснээр, хүнс тэжээл, эм хэрэгсэл болон нэн шаардлагатай бусад зүйлсийг худалдан авч 190 сая хүнд хуваарилахад дээрх хэмжээний мөнгө шаардлагатай байгаа ажээ. Газын зурвас, Судан, Украинд өрнөсөн дайн, мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ирэх онд дэлхий даяар 305 сая хүнд ямар нэгэн хэлбэрээр хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын судалгаа харууллаа. Өөрөөр хэлбэл, 115 сая хүн тусламжинд хамрагдах боломжгүй гэсэн үг юм.
2024 онд хүмүүнлэгийн тусламжинд 50 тэрбум доллар шаардлагатай гэж НҮБ мэдэгдсэн боловч 11 дүгээр сарын байдлаар уг мөнгөний ердөө 43 хувийг зарцуулаад байна.
Үүнээс шалтгаалан Сирид үзүүлж
буй хүнсний тусламжийн хэмжээ 80 хувиар буурсан бол Чадад өлсгөлөн даамжирчээ.
Дайн сөргөлдөөний улмаас энэ оны дундуур 123 сая хүн орон гэрээ орхин явсан нь
түүхэнд үзэгдээгүй их тоо юм. Өнөөдөр таван хүүхэд тутмын нэг нь байлдааны ажиллагаа
болж буй газар оронд амьдарч байгаа ба эсвэл цагаачдын тоонд орж байна.
Үүний зэрэгцээ Д.Трамп Цагаан
ордонд буцаж ирснээр хүмүүнлэгийн байгууллагуудын төсөв нэмэгдэхгүй төдийгүй
танагдаж магадгүй гэсэн болгоомжлол НҮБ-д бий болжээ. Учир нь, хүмүүнлэгийн
тусламжийг санхүүжүүлдэг хамгийн том донор бол АНУ бөгөөд ойрын саруудад “Вашингтонд олон цагийг өнгөрүүлж, шинэ засаг захиргаатай яриа хэлэлцээ хийнэ” гэдгээ Т.Флетчер
мэдэгдлээ.