ЗАВХАН: Ууланд тогтмол алхдаг 300 гаруй хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-06 10:58:22

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өвлийн уулын алхалтын хуваарь гаргажээ.


Бүх нийтийн уулын алхалтад Улиастай сумын төрийн 60 байгууллага энэ сарын 7-ны өдрөөс 3-р сарын 15 хүртэл хамт олноороо ууланд алхах юм.


Байгууллага бүр хуваарийн дагуу 7 хоног бүрийн хагас сайн өдрийг уулын алхалтын өдөр болгож, хамт олноороо ууланд алхах дадлыг бий болгоно. Бүх нийтийн алхалтыг аймгийн төвийн зүүн урд зүгт төв цэгээс 4 км-т орших Товцог хайрхан, Бурхант цохио чиглэлд алхах юм.


Өвлийн улиралд ууланд алхах нь эмгүй эмчилгээ болдог. Сүүлийн жилүүдэд ууланд алхах иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.


Тогтмол алхдаг иргэд цэвэр агаарт үнэгүй эмчилгээ авч, байгаль орчинтойгоо зөв харилцаж, экологид ээлтэй иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Бас олон нийтийг зөв дадалд уриалдаг, амралтын өдөр бүр ууланд алхаад хэвшсэн иргэд ч олон бий. Өнөөдрийн байдлаар Улиастайд амралтын өдөр бүр тогтмол ууланд алхдаг уулын 7 клубийн давхардсан тоогоор 330 гаруй хүн байна. Эдгээр иргэд маань уулын спортод дурлаж туршлагатай, мэргэжлийн уулчидтай хамт алхсаар бараг мэргэжлийн шахуу болсон хүмүүс бий.


Нийтийн эрүүл мэнд бол нийгмийн баялаг юм. Тиймээс манай байгууллагаас ууланд алхах иргэдийн хөдөлгөөнийг дэмжих, хамтран оролцох, уулын аяллыг байнга зохион байгуулахыг зорьдог гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ