Европын “Vega-C” пуужинг хоёр жилийн дараа амжилттай хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /AFP/. Европын шинэ “Vega-C” пуужинг пүрэв гарагт Францын Гвиана мужаас амжилттай хөөргөжээ. Хоёр жилийн өмнө амжилтгүй болсноос хойш уг пуужинг анх удаа хөөргөж байна.
Дэлхийг ажиглан судлах зорилготой Европын Холбооны /ЕХ/ Коперник хөтөлбөрт зориулан бүтээсэн “Sentinel-1C” хиймэл дагуулыг тээсэн уг пуужинг олон хоног хойшлуулсны эцэст сансарт хөөргөжээ. “Sentinel-1C” нь дэлхийн орчныг хянан ажиглах радарын зургийн хэрэглээг өргөжүүлэх төлөвтэй байна. Уг хиймэл дагуулыг хөөргөснөөр радарын мэдээллийн хамгийн том санг эзэмшдэг Коперник нь 12 “Sentinel” хиймэл дагуул бүхий, дэлхийг ажиглах хамгийн том систем болж байна.
“Vega-C” пуужин нь 2012 оноос энэ намрыг хүртэл хөнгөн жинтэй хиймэл дагуулуудыг сансарт гаргаж байсан “Vega” пуужингийн шинэ хувилбар юм. Европын Сансрын агентлагийн /ESA/ мэдээлснээр, шинэ пуужин 800 орчим кг-аар илүү даацтай, хямд өртөгтэйгээс гадна, хиймэл дагуулуудыг тойрог замд янз бүрийн өндөрт оруулах чадалтай юм. “Vega C” нь нийтдээ хоёр тонн гаруй ашигт ачааг тээвэрлэх чадалтай байна.
2022 оны 12 дугаар сард “Vega” пуужингийн сүүлийн үеийн загварыг хөөргөх анхны ажиллагааны үеэр хөдөлгүүр доголдож амжилтгүй болсны дараа ийм загварын пуужингуудыг хөөргөхөө түр зогсоож байлаа. Улмаар доголдол үүссэн “Zefiro 40” хөдөлгүүрийн хошууг дахин зохион бүтээж байх хооронд пуужингуудыг хоёр жилийн турш хөөргөөгүй байсан юм.
Оросын цэргүүд Украин руу халдан довтолсоны дараа ЕХ Оросын “Союз” хөлгийг ашиглахаа больсон тул шинэ пуужин Европын сансрын судалгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна. Өмнө нь Европын судлаачид хөнгөн ачааг “Vega”-гийн өмнөх загваруудаар, дунд зэргийн ачааг “Союз”, хүнд даацын ачааг “Ariane”-гийн өмнөх хувилбаруудаар хөөргөж байжээ.
Европын шинэ “Ariane 6” пуужинг хөөргөх хугацааг дөрвөн жилээр хойшлуулсан нь Илон Маскийн “SpaceX” компани зэрэг өрсөлдөгчидтэйгээ хамтран ажиллахад хүргээд байв. Хүнд даацын уг пуужинг долоодугаар сард анх удаа амжилттай хөөргөсөн юм. ESA-ийн мэдээлснээр ирэх онд “Vega-C” пуужинг дөрвөн удаа, 2026 онд таван удаа тус тус хөөргөхөөр төлөвлөж байна.