ХАМАС-ын төлөөлөгчид Египетийн тагнуулын газрын даргатай хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-12-09 17:19:11

КАИР, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /TASS/. Палестины ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчид Газын зурваст гал зогсоох асуудлаар Египетийн Тагнуулын ерөнхий газрын дарга Хассан Махмуд Рашадтай дахин хэлэлцээ хийсэн байна.  Тэд энэ тухай мэдээллийг телеграмм сувагт нийтэлжээ. 


“Халил аль-Хейя тэргүүтэй ХАМАС-ын төлөөлөгчид Египетийн Тагнуулын ерөнхий газрын даргатай хийсэн уулзалтаа дуусгаад Каир хотоос явлаа. Хэлэлцээ амжилттай болж, Палестины ард түмний эсрэг явуулж буй Израилын түрэмгийлэл тун удахгүй дуусна гэж найдаж байгаагаа ХАМАС-ын төлөөлөгчид илэрхийлэв” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Каир хотноо болсон хэлэлцээний явцад Газын зурваст гал зогсоох талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлэлцсэн байна. Талууд мөн дайны дараа Газын зурвасыг удирдах зорилгоор тусгайлан байгуулсан Олон нийтэд дэмжлэг үзүүлэх хорооны үйл ажиллагааны талаар хэлэлцжээ. ХАМАС-ын мэдэгдэлд энэ асуудалтай холбоотой өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


2023 оны 11 дүгээр сарын сүүлчээр Египет, Катар улсуудын зуучлалаар Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс долоо хоногийн хугацаагаар гал зогсоож байсан юм. Энэ хугацаанд 110 хүнийг ХАМАС-ын барьцаанаас сулласан гэж Израилын тал мэдээлж байв. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-ний өдөр гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж, тус зурваст байлдааны ажиллагаа дахин үргэлжилсэн юм. Энэ оны наймдугаар сараас 10 дугаар сарын хооронд Египет, Катар, АНУ-ын зуучлалаар хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч талууд гал зогсоох талаар зөвшилцөлд хүрч чадаагүй. 


Харин сүүлийн хэдэн өдөр талууд хэлэлцээгээ дахин эрчимжүүлж,  Катар улс нэг сарын өмнө орхисон зуучлагчийн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж байгаа бол Газад гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллах дипломат үйл явц эрчимтэй явагдаж байна гэж Израилын албан хүмүүс мэдээлж байна. Израил болон тус улсын холбоотнууд хамгийн сүүлд мэдээлэхдээ, ХАМАС 100 хүнийг барьцаалсан хэвээр байгаа гэжээ. Газад барьцаанд байгаа хүмүүсээс 33 нь нас барж, хэд хэдэн хүн сураггүй алга болсон гэж ХАМАС мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ