Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын VI уралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын VI уралдаан энэ сарын 13-17-нд Улаанбаатар хотод болно.
Тавдугаар уралдааныг одоогоос таван жилийн өмнө Ц.Пүрэвдорж агсны мэндэлсний 90 насны ойгоор зохион байгуулж байсан. Тэгвэл 95 насны ойгоор VI уралдааныг явуулахаар болсон нь энэ бөгөөд өнөө жил Итали, Япон, Орос, Хятадаас мэргэжлийн олон улсын шүүгчид ирж буйгаараа онцлогтой.
Сонгодог урлагийн дэмжигч Ц.Пүрэвдорж сангийнхан ярихдаа, “Монголоос төрөн гарч байгаа шилдэг, авьяаслаг дуучдыг дэлхийн шүүгч, уран бүтээлчдэд таниулах нь энэхүү уралдааны зорилго юм. Мөн Монголд мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний сургалт дэг 60 жилийн ойтойгоо золгож байна. Үүнээ эхлүүлсэн хүмүүсийн нэг нь Ц.Пүрэвдорж багш юм” гэв.
Энэхүү хуралдаан хоёр үе шаттай болох бөгөөд шилдгүүдийн гала
тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт уламжлал ёсоороо симфони найрал
хөгжимтэй зохион байгуулах ажээ.