СҮХБААТАР: Мал тооллогын ажлын багт 308 төрийн албан хаагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2024 оны жилийн
эцсийн мал тооллогыг Сүхбаатар аймгийн
13 сум, 67 багт 80 ажлын хэсгийн 308 төрийн албан хаагч, ажилтан хийж байна. Ажлын хэсгүүд аймгийн засаг
даргын захирамжийн дагуу 27
заалт бүхий зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлж ажиллана.
Харин хяналтын тооллогоор есөн ажлын хэсэг ажиллана.
Тус аймаг өнгөрсөн оны жилийн эцсээр 3,9 сая толгой мал тоолуулсан ч өвөл, хаврын зуднаар улсын хэмжээнд хамгийн их буюу нийт малын 50 орчим хувь нь хорогдсон юм. Гэхдээ энэ нь бодит тоо гэж үзэхэд өрөөсгөл. Тиймээс энэ удаагийн
тооллогоор аймгийн нийт малын болоод хорогдлын тоо бодитоор гарах боломжтой. Тиймээс
малчид, мал бүхий иргэд тооллогодоо идэвхтэй хамрагдаж, тоологч нарт дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
Статистикийн тухай хуульд зааснаар гурван жилд нэг удаа
болдог хашаа, худгийн тооллого энэ жил
цуг хийж байгаагаараа онцлог. Мөн 1961
оноос эхлэлтэй мал тооллогын арга зүйг орчин үеийн нөхцөл рүү хөрвүүлэх, шинэчлэх үүднээс бог малын тооллогыг видео бичлэгээр
давхар баримтжуулна. Мөн бод малын хяналтын тооллогод дрон ашиглах боломжтой гэх
зөвлөмжийг ч ажлын хэсгүүдэд өгчээ.
Энэ сарын 17-нд тооллого
бүрэн дуусаж, нэгтгэх,
санд шивэх ажил эхлэх юм.