БАЯН-ӨЛГИЙ: Нийт нутгийн 85 орчим хувь нь зудын их эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгааг гаргалаа.
Судалгаагаар аймгийн нийт нутгийн 80 орчим
хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, 20 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй буюу бага
зэргийн нөөцтэй гэж үнэлэгджээ. Хээрийн
цасны хэмжилтээр нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон. Үүнээс Алтай 4 см,
Булган, Дэлүүн, Толбо сум 1 см, Сагсай сумын Даян багт 11 см цасан бүрхүүлтэй
байна. Бусад сумын төвөөр цасгүй байна.
Алтай, Булган, Дэлүүн, Сагсай, Толбо,
Цэнгэл, Улаанхус, Ногооннуур сумдын тал хээр 1-8 см, уулархаг нутгаар 10-30 см,
хунгар газраар 50-60 см зузаан цастай байна.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн
15 орчим хувь нь дунд, 85 орчим хувь нь их буюу нэн их эрсдэлтэй зэрэглэлд
хамрагдаж гарсан.
Өвөл, хаврын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн,
нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа зэргээс хамаарч бэлчээрийн өвс ургамал
цасанд дарагдах, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурах, цаашид дахин цас орж цасан
бүрхүүлийн зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт хүндэрч
болзошгүй тул өвс тэжээлээ нөөцлөх, татан байршуулах, малын хашаа хороог
дулаалах ажлуудыг эртнээс зохион байгуулахыг аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс зөвлөлөө.