Японы “Nihon Hidankyo” байгууллага Нобелийн Энх тайвны шагналыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-11 10:08:08

ОСЛО, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /NHK/. Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы Nihon Hidankyo байгууллага дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Нобелийн Энх тайвны шагналыг Норвегт гардан авлаа. Дэлхий даяар хурцадмал байдал даамжирч, цөмийн зэвсэг хэрэглэх вий гэсэн болгоомжлол үүсээд буй энэ үед тус байгууллага энэхүү шагналыг хүртэж байна.


Мягмар гарагт Осло хотод болсон шагнал гардуулах ёслолд Nihon Hidankyo байгууллага 30 гишүүнээ илгээсэн байна. Тус байгууллага 1956 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хибакүша гэгддэг атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүст  тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Мөн дэлхий даяар цөмийн зэвсгийг хориглохын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд тэд өөрсдийн туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлийн талаар ярихын тулд дэлхийн өнцөг булан бүрд аялжээ.


Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Nihon Hidankyo байгууллагын  дарга Терүми Танака оролцож үг хэллээ. “Үй олноор нь хөнөөх туйлын хүмүүнлэг бус зэвсэг болох цөмийн зэвсгийг нэн даруй устгахыг бид шаардаж байна, цөмийн зэвсэг нь хүн төрөлхтөнтэй хамт байхыг зөвшөөрөх ёсгүй” гэж хэлсэн байна.


Норвегийн Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фриднес хэлэхдээ, тус байгууллагад шагнал олгохоор шийдвэрлэсний учир шалтгааныг тайлбарлав. Тэрбээр сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэгтэй гүрнүүд зэвсгийн нөөцөө сайжруулах болсныг онцлоод, үүнийг шинэ, "тогтворгүй" цөмийн эрин үе гэж тодорхойллоо. “Хирошима, Нагасаки хотод хаясан атомын бөмбөгөөс амьд үлдсэн Nihon Hidankyo байгууллагын гишүүд болон хибакүша нар цөмийн зэвсэг хэрэглэхийн эсрэг хүчин чармайлтаа хэзээ ч орхиж байгаагүйгэж тэрбээр хэлэв.


Nihon Hidankyo”-гийн удирдах зөвлөлийн гишүүдийн гурав нь диплом, шагналыг авахаар Осло хотноо очсон байна. Тэдний нэг болох Т.Танака атомын бөмбөг дэлбэрэх үед Нагасаки дахь гэртээ байжээ. Тухайн үед 13 настай байсан тэрбээр хүнд бэртэл аваагүй боловч хамаатан садныхаа таван хүнийг алдсан байна


Тэр үед миний харсан үхлийг хүний ​​үхэл гэж хэлэхийн аргагүй. Олон зуун хүн ямар ч эмнэлгийн тусламж авч чадалгүй зовж шаналж амиа алдсан. Дайны үед ч гэсэн ийм аллага, эрэмдэг зэрэмдэг болгож буйг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй гэдгийг маш сайн ойлгосон” гэж Т.Танака хэлжээ. Мөн цөмийн зэвсгийг дахин ашиглавал юу болох бол гэдгээс эмээж байгаагаа дурдаад, олон цэнэгт хошууг ашиглах нь аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй гэлээ. Тэрбээр харилцан бие биеэ тогтоон барих хүчинд тулгуурлахын оронд цөмийн зэвсгийг бүрмөсөн устгахыг дахин уриалжээ. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр “Хүн төрөлхтөн цөмийн зэвсгээр өөрсдийгөө бүү сүйрүүлээсэй! Цөмийн зэвсэггүй, дайн байлдаангүй дэлхий ертөнцөд хүний төлөө нийгмийг байгуулахын тулд хамтдаа зүтгэцгээе!” хэмээн хэлсэн байна.

 

Холбоотой мэдээ