ЗАВХАН: Уулын спорт хөгжөөд 70 жил болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ. Өнөөдөр дэлхийн уулын өдөр
тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 оноос жил бүрийн 12-р сарын 11-ний өдрийг Олон улсын уулын өдөр болгон тунхаглан зарласан.
Дэлхий даяар энэ өдрийг байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулан жил бүр өөр уриатай тэмдэглэдэг. Завхан аймагт уулын спорт хөгжсөний 70 жилийн ой ирэх жил тохионо.
Уулын спорт бол
үзэгчгүй спорт. Түүнийг нотлох зүйл бол тухайн хүний
тэсвэр тэвчээр, өөрийгөө ялах эр зориг л байдаг. Энэ спорт Завхан
аймагт хөгжиж, албан ёсоор бүртгэгдсэн нь 1955 онд ЗХУ-ын уулын спортын мэргэжилтний заавар
дор Отгонтэнгэр ууланд анхны авиралтыг хийсэн үйл ажиллагаа юм. Энэхүү
түүхэн авиралтад Тэлмэн сумын
харьяат, ОУХМ Г.Найдан оролцож, их оргилд мөрөө гаргаснаар Завханы уулчдын түүх
эхэлдэг.
Завхан аймгийн уулын спортын түүхтэй Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул (4021 м) салшгүй холбоотой.
Дэлхийн дээвэрт мөрөө гаргасан уулчдын ихэнх нь энэ сүрлэг ууланд анх авирч, цаашдын зам мөрөө гаргасан түүх олон бий. Тухайлбал, Дэлхийн 7 ноён оргилыг эзэлсэн анхны монгол хүн Б.Гангаамаа нь энэ хайрханд спортын мастер Д.Мишигбатын удирдлага дор авирч, энэ спортын салбарт од болон гялалзах эхлэлээ тавьж байжээ.
Мөн дэлхийн алдартай уулчид, багийнхан энэ хайрхныг зорин ирж, монголын багтай хамтарсан авиралт, олон улсын уулчдын цугларалтыг хийж байсан.
1988 оноос хойш хамгийн олон буюу 24 удаагийн авиралтаар 18 багийн 160 гаруй гадаад дотоодын уулчдын хамт авирсан нь спортын мастер Д.Мишигбат юм.
Өдгөө Завхан аймагт уулын спортын 7 клуб ажиллаж давхардсан тоогоор 360 гаруй уулчин уулын спортоор идэвхтэй хичээллэж байна. Эдгээр клубүүд нь иргэд, хүүхэд залуучуудад уулын спортыг таниулах, хичээллэхэд нь дэмжлэг үзүүлж 7 хоног бүрийн хагас сайн өдрийг ууланд алхах, авирах өдөр болгожээ. Давхардсан тоогоор 5600 гаруй хүнийг ууланд алхах, авирах эрүүл мэнддээ анхаарсан зөв дадалд уриалжээ.
Товцог хайрхан уул,
Завханы төв Улиастай сумын иргэд жилийн дөрвөн улирал амралтын өдрөөр энэ ууланд авирч алхалт хийдэг