О.Төгс-Эрдэнэ наймдугаар байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-13 10:10:01

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Бахрейны Манама хотод болж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр эрэгтэйчүүдийн 96, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн аваргууд тодорлоо.


Энэ өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Төгс-Эрдэнэ дэвжээнд гарав. Тэрбээр огцомоор 100, түлхэлттэй өргөлтөөр 121 кг, нийлбэрээр 221 кг-ыг өргөснөөр наймдугаар байрт шалгарлаа. 2022 онд 71 кг-ын жинд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан тэрбээр энэ жилээс жин өгсөж 76 кг-д өрсөлдөх болсон юм. Түүний хувьд ААШТ-д огцомоор 97, түлхэлттэйгээр 117, нийлбэрээр 214 кг-ыг, Францын Парис хотод болсон Дэлхийн цомд огцомоор 93, түлхэлттэйгээр 110, нийлбэрээр 203 кг-ыг өргөж байв. Тэгвэл ДАШТ-д амжилтаа ахиулав.


Түүний жинд нийт 19 тамирчин өрсөлдсөнөөс БНАСАУ-ын тамирчин Сон Кук Хяан нийлбэрээр 264 кг-ыг өргөж түрүүлсэн бол Колумбын Мендоза Мияарет мөнгө, Нигерийн Мэттью Оваяайоза хүрэл медалиар энгэрээ мялаажээ.


Өнөөдөр 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг өргөлтөө хийнэ. Тэрбээр “В” группт багтсан бөгөөд Улаанбаатарын цагаар 15:30 цагт дэвжээнд гарах юм. 

Холбоотой мэдээ