БАЯН-ӨЛГИЙ: Ажлын байрны сул орон тооны мэдээллийг гаргаж өгөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар энэ сарын 12-ны өдөр "Сул чөлөөтэй, шинээр бий болсон ажлын байрны мэдээлэл ирүүлэх тухай" 1112 дугаар захирамж гаргалаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар
ажил олгогч ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг аймаг,
нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид гарган
өгөх, эсхүл түүний бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ
байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх
үүрэгтэй.
Мөн ажил олгогч нь нийт ажлын байрныхаа
талаарх мэдээллийг оны эхэнд нэг удаа, шинээр бий болсон болон байхгүй болсон
ажлын байрны талаарх мэдээллийг улирал тутам, сул чөлөөтэй ажлын байрны талаарх
мэдээллийг тухай бүр нь баталсан маягтын дагуу харьяалах аймаг, нийслэл,
дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн
ажилтан, хөдөлмөрийн биржид гаргаж өгөхөөр хуульчилсан.
Хуулийн дээрх заалтын хэрэгжилт тус аймагт
хангалтгүй байсан тул аймгийн удирдлага ийм арга хэмжээ авч байгаа аж.
Захирамжид зааснаар төрийн байгууллагууд
гарсан төрийн үйлчилгээний сул чөлөөтэй, шинээр бий болсон ажлын байрны мэдээллийг
аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргаж өгч, захиалга өгнө.
Энэ үүргээ биелүүлээгүй, эсвэл ажлын
байрны тухай мэдээллийг хуулиар
тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийг баримтлан
хөдөлмөрийн улсын байцаагчид хариуцлага тооцно.