Жүдо бөхийн дүрмийг дахин өөрчиллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-16 10:39:45

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо Туркийн Истанбул хотод ээлжит техникийн зөвлөгөөнөө зохион байгуулав.


Энэ сарын 14, 15-нд болсон хуралд 78 орны жүдо бөхийн холбооны 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Манай улсаас уг техникийн зөвлөгөөнд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээр ахлуулан менежер, шүүгчдээс бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.


Уг техникийн зөвлөгөөний гол зорилго нь жүдо бөхийн шүүлтэд өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчлэлтийн асуудлыг хэлэлцэх байсан бөгөөд 2025 оны хоёрдугаар сард Францын Парис хотод болох “Их дуулга”-ээс эхлэн шинэ шүүлтийн систем, дүрмийг мөрдөх нь ээ.


Шинэ дүрмээр юүко үнэлгээ эргэн ирсэн бол барьцанд хүрсэн бол 30 секундийн дотор мэх хийхгүй бол торгох заалт оржээ.Түүнчлэн босоогоос мэх хийх үед гар хөшвөл хоёр янз байх аж. Хэрэв өрсөлдөгч нь зайлсхийх боломжгүй, гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй бол hansoku-make буюу шууд хөөнө. Харин өрсөлдөгч нь зайлсхийх боломжтой, гэмтэж бэртэх эрсдэл бага бол торгууль өгөх юм байна.


Олон улсын зөвлөгөөнөөс баталсан дүрмийн өөрчлөлт, шинэчлэлтийг танилцуулах сургалтыг Монголын жүдо бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй клубүүдийг хамруулан зохион байгуулах аж. 







Холбоотой мэдээ