СЭЛЭНГЭ: “Сэлэнгэ эм” холбоо ТББ-ын тэргүүнээр Ж.Энхмааг 100 хувийн саналаар сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-16 14:39:44

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм“ холбоо ТББ-ын Сэлэнгэ аймаг дахь “Сэлэнгэ эм” холбооны эмийн мэргэжилтний II чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдөр боллоо.

 

Уг үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос МЭЗБН “Эм” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, Клиникийн профессор Л.Балжинням, МЭЗБН “Эм” холбоо ТББ-ын  тэргүүлэгч О.Отгонжаргал нар болон 17 сум, 6 тосгоны 80 гаруй эмийн мэргэжилтнүүд оролцлоо.

 

Чуулга уулзалт, сургалтаар эм зүйн салбарын хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилго зорилтоо ярилцаж, салбарын шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

 

Мөн хэлэлцүүлэг зохион байгуулж, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, эм зүйчийн ёс зүй, тулгамдаж байгаа асуудлаар ярилцаж санал дүгнэлтээ нэгтгэсэн байна.

 

Түүнчлэн чуулга уулзалтаар “Сэлэнгэ эм” холбоо ТББ-ын шинэ тэргүүн, удирдах зөвлөлөө сонгож, Сэлэнгэ аймаг дахь “Сэлэнгэ эм” холбоо ТББ-ын тэргүүнээр “Буянт рашаан” ХХК-ийн захирал Ж.Энхмааг 100 хувийн саналаар сонголоо.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх байгууллага 2, эмнэлгийн эмийн сан 2, хувийн хэвшлийн эмийн сан 32 үүнээс Сүхбаатар суманд 7 эмийн сан үйл ажиллагаа эрхэлж, сумын эрүүл мэндийн төвийн дэргэд 23 эмийн сан ажиллаж байна.

 

Эдгээрт нийтдээ 102 эмийн мэргэжилтэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ