Израил улс Ирланд дахь ЭСЯ-аа хаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЙЕРУСАЛИМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Reuters/. Палестин улсыг хүлээн зөвшөөрч, Газын зурвас дахь дайны эсрэг олон улсын эрх зүйн хүрээнд арга хэмжээ авахыг дэмжих зэргээр Ирландын Засгийн газар “Израилын эсрэг хэт туйлширсан бодлого” явуулж байгаа тул Дублин дахь Элчин сайдын яамаа /ЭСЯ/ хаана гэдгээ Израилын тал ням гарагт мэдэгджээ.
Энэ оны тавдугаар
сард Ирланд улс Палестины асуудлаар шийдвэр гаргасны дараа
Израилын тал Элчин сайдаа
эргүүлэн татсан бөгөөд ӨАБНУ-ын зүгээс Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/
дээр "геноцид үйлдсэн" хэмээн Израилыг буруутгасныг Дублин дэмжсэн нь Израилын эрх баригчдын дургүйцлийг улам төрүүлжээ.
“Дублин дахь Израилын ЭСЯ-ыг хаах шийдвэр нь Ирландын Засгийн газар Израилын эсрэг хэт туйлширсан бодлого явуулж байгаатай холбоотой” гэж Израилын ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна. “Ирландын талын Израилын эсрэг гаргаж буй үйлдэл, үг хэллэг нь еврейн улсын оршин тогтнох хууль ёсны эрхийг үгүйсгэх зорилгоос үүдэлтэй. Ирланд улс Израилтай харилцахдаа давж үл болох бүх улаан шугамыг давсан” гэж Гадаад хэргийн сайд Гидеон Саар мэдэгджээ. Мөн Израилын ГХЯ-ны мэдэгдэлд, Молдова улсад Израилын ЭСЯ-ыг байгуулж байгааг дурдсан байна.
Харин Ирландын Ерөнхий сайд Саймон Харрис Израилын шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, “Ирланд улс Израилын эсрэг байр суурь баримталж байна гэх мэдэгдлийг би эрс няцааж байна. Ирланд бол энх тайвны төлөө, хүний эрх, олон улсын хууль тогтоомжийг дэмждэг орон” гэж тэрбээр X хуудсандаа нийтэлжээ. Бид талуудыг “хоёр улсын шийдэл”-д хүрч, энх тайван, аюулгүй орчинд амьдраасай хэмээн хүсэж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Ирландын Гадаад хэргийн сайд Мишеал Мартин мэдэгдэхдээ "хоёр улс дипломат харилцаагаа хэвээр хадгалах бөгөөд Израил дахь Ирландын ЭСЯ-ыг хаахгүй" гэлээ.