23 дахь удаагийн “Бөртэ чоно”-ын “Шилжин явах цом”-ын эзнээр Б.Баасанхүү тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-20 15:56:03

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооноос зохион байгуулдаг спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадам Залаатын аманд байрлах “Аян залаат” зочид буудлын ёслолын танхимд болж өндөрлөлөө.


Үе үеийн олимп, дэлхийн медальтай спортын алдартнууд төдийгүй зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд зэрэг 150 орчим төлөөлөгч оролцсон уг ёслол 22 дахь жилдээ болсон нь энэ. Дээд тэнгэрээс заяатай Гоо марал, Бөртэ чонын удам гэх домгоос үүсэлтэй бидний монголчуудын эр зориг, хүч чадал, цог хийморийн бэлгэдэл “Бөртэ чоно” хэмээх МҮОХ-ны оны тэргүүн дээд шагналыг 2002 онд бий болж, тухайн жилд спортын салбарт гарамгай амжилт гаргасан шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, байгууллагуудыг шагнадаг юм.


23 дахь жилдээ зохион байгуулсан эл наадамд энэ удаа жүдогийнхон онцгой байлаа. Тэд 2024 онд үзүүлсэн амжилтаараа таван “Бөртэ чоно”, Шилжин явах нэг цомын эзэн болов. Энэ нь тус холбооныхонд урам өгөөд зогсохгүй ирж буй 2025 онд амжилтаа бататгах ташуур болсон нь дамжиггүй. Монголын жүдочдоос гавьяат тамирчин Б.Баасанхүү шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин, Л.Анхзаяа эрэгтэй тамирчин, Т.Ариунзаяа өсвөрийн шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагчаар М.Бундмаа тодроод зогсохгүй Монголын жүдо бөхийн холбоо шилдгээр шалгарав. Түүнчлэн шилжин явах цомын эзнээр гавьяат тамирчин Б.Баасанхүү тодорч, 2024 онд онцгой байсныхаа шагналыг хүртлээ. Б.Баасанхүү гавьяат Монголын жүдогийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын хамт ОХУ-ын Москва хотод маргааш эхлэх "Москвагийн цом" тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон тул шагналаа өөрийн биеэр гардсангүй. Түүний шагналыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нар авсан юм.


Тэгвэл өчигдөрхөн их спортоо орхиж байгаагаа дуулгасан ДАШТ-ий долоон медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг энэ үдшийн онцгой зочин нь байв. Хүн бүр түүнд баяр хүргэж, бахархаж байсан бөгөөд М.Анхцэцэг гавьяат яалт ч үгүй “Бөртэ чоно” наадмын чимэг байлаа. Тэр тамирчны замналынхаа сүүлчийн “Бөртэ чоно”-оо гардлаа. Монголын нэр хүндийг дэлхийн тавцанд 10 гаруй жил өргөсөн түүний орон зайг энэ мөчөөс шинэ залуу тамирчид нөхөх даалгавартай үлдэж байна.


Түүнчлэн чөлөөт бөхийн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Парис-2024” наадмын V байрын шагналт Т.Тулга, марафон гүйлтээр зургаан олимпод оролцож Геннисийн амжилт тогтоосон Б.Сэр-Од нарыг спортын сэтгүүлчид шилдгээр нэрлэжээ. Харин “Токио-2020” паралимпын наадмаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ алтан медаль хүртсэн цагаас хойш “Бөртэ чоно” наадмын үеэр шилдэг паралимпын тамирчинд шагнал гардуулдаг уламжлал тогтсон байдаг. Энэ жилийн тухайд анхны эмэгтэй паралимпын аварга У.Сүрэнжав уг нэр хүндтэй шагналын эзнээр тодорч, анхны “Бөртэ чоно”-оо гардлаа. Түүнчлэн 2024 онд анхдагч амжилт үзүүлсэн 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан анх удаа “Бөртэ чоно”-ын эзэн болсон бол гурван олимп, 10 ДАШТ-д ажилласан хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, хоёр олимп, таван ДАШТ-д шүүгчээр ажилласан боксын Ц.Цогтгэрэл нар шилдэг шүүгчээр тодорч, цомын эзэн болов. Бусад шилдгүүдийг танилцуулъя


Шилдэг холбоо

Монголын жюү жицүгийн холбоо

Монголын гимнастикийн холбоо

Монголын таеквондогийн холбоо

Монголын жүдо бөхийн холбоо

Монголын чөлөөт бөхийн холбоо

Шилдэг дасгалжуулагч: Жүдо бөхийн дасгалжуулгч М.Бундмаа, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр

Шилдэг спортын сэтгүүлч: “MGL Sport” сайтын эрхлэгч Ж.Цэцэгмаа

Шилдэг олимпын зүтгэлтэн: Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Ц.Раднаа

Шилдэг бүтээн байгуулалт:Дархан Юнайтед Арена” ордон

Олимпын шилдэг танхим: Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн “Лондон” танхим

Олимпын шилдэг зөвлөл: Говьсүмбэр аймгийн “Антверпен”

Шилдэг ивээн тэтгэгч: Моннис групп, Kelme брэнд


Аливаа үйл ажиллагаа алдаатай, оноотой, шүүмжлэлтэй, магтаалтай байдаг бичигдээгүй хууль. Энэ удаагийн “Бөртэ чоно” ч уг хуулийг тойрч гарсангүй. Энэхүү ёслолын магтаал, шүүмжлэл нь эн тэнцүүхэн байлаа. 















Холбоотой мэдээ