Орос, Украины талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-12-21 12:14:42

БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу баасан гарагт амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцсон тухай Цэргийн олзлогдогсдын асуудал эрхэлсэн Украины зохицуулах штаб болон Оросын Төрийн Думын депутат Шамсаил Саралиев мэдээлсэн байна. 


Украины талын мэдээлснээр, энэ удаагийн солилцоогоор Оросын тал 503 цэргийн цогцсыг Киевт хүлээлгэн өгсөн байна. Тэдний 403 нь Донецкийн чиглэлийн тулалдаанд, 57 нь Запорожье чиглэлийн тулалдаанд, 12 нь Луганскийн чиглэлийн тулалдаанд амь үрэгджээ. 31 цогцсыг ОХУ дахь  цогцос хадгалах газраас авчирсан байна.


Харин Оросын тал 42 цэргийн цогцсыг хүлээн авчээ. Оросын цэргийн сурвалжлагч Александр Коцын мэдээлснээр, солилцох ажиллагааг Беларусийн Гомель мужид Украинтай залгаа хилийн зурваст явуулжээ.


Хоёр тал үүнээс өмнө  11 дүгээр сарын сүүлчээр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцсон юм.


Өнгөрсөн сарын 29-нд болсон цогцос солилцох ажиллагааны үеэр Оросын тал 502 цэргийн цогцсыг Украинд, Украин 52 цэргийн цогцсыг Орост хүлээлгэн өгчээ. Тухайн үед шинжээчид талуудын амссан хохирол ийм зөрүүтэй байгааг Оросын армийн эрчимтэй довтолгоо, түүнчлэн амь үрэгдсэн цэргүүд Оросын армийн эзэлсэн газар нутагт үлдэж байгаатай холбон тайлбарлаж байв. 




Холбоотой мэдээ